Шүүхээс “Херо энтертайнмент”-ийн захирал Б.Баатарт хязгаарлалт тогтоох арга хэмжээ авав

А.Ням-Өлзий, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шүүхээс "Херо энтертайнмент групп" ХХК-ийн захирал Б.Баатарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Нийслэлийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл буюу залилах, 18.6.1 дүгээр зүйл буюу мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаар буй. Улмаар Б.Баатар хязгаарлалт тогтоох арга хэмжээ авхуулах тухай саналыг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлсэн байна. 

Прокурорын байгууллагын саналыг шүүх өнөөдөр хэлэлцээд Б.Баатарт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор есдүгээр сарын 25-наас эхлэн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-1 дүгээр зүйлд "Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах"-аар хуульчилсан байдаг.

Түүнийг яллагдагчаар татан шалгаж буй үндэслэлийн тухайд: 

Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл. Залилах

1.Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйл. Мөнгө угаах

1.Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.