ОЮУТНУУД: Ёо, Боловсролын Зээлийн Сангаас юм авчихсаан
Боловсролын Зээлийн Сан (БЗС)-гийн тэтгэлэгтэй холбоотой асуудлаар оюутнууд үзэл бодлоо илэрхийлж, жагслаа.
Тодруулбал МУБИС-д багш мэргэжлээр суралцдаг оюутнууд БЗС-гийн тэтгэлгийн бүх шалгуурыг хангаж тэтгэлэгт тэнцсэн ч санхүүжилт нь орж ирээгүй байна. Тус сангаас оюутнуудтай хийсэн гэрээний заалтаа биелүүлэхгүй, тэдний эрхийг зөрчиж байгаа тул ийнхүү жагсаж буйгаа хэллээ.
Оюутнуудын зүгээс "Тэтгэлэгт тэнцсэн, төлбөрт унасан", "Бид өртэй биш тэтгэлэгтэй", "Ёо, Боловсролын Зээлийн Сангаас юм авчихсаан", "Хэн нь гэрээгээ зөрчив", "Тэтгэлэг зарласан бол санхүүжүүл", "Тэтгэлгээ шийд-Суралцах эрхийг дэмж", "Гэнэтийн санхүүгийн дарамт бүү үүсгэ" хэмээн дуу хоолойгоо хүргэж байна.
Энэхүү нөхцөл байдал нь тэтгэлэгт хамрагдсан оюутан, тэдний гэр бүлд санхүүгийн хүндрэл учруулж байгааг ярилаа.
МУБИС-ийн оюутан хэлэхдээ "Бид нэгдүгээр курст орохдоо БЗС-тай гэрээ байгуулсан. Гэрээнд 1-4 жилийн хугацаанд тэтгэлэгтэй суралцаж төгссөнийхөө дараа хөдөө орон нутагт гурван жил эсвэл хотод таван жил тасралтгүй багшилна гэж заасан байдаг.
Оюутнууд ЭЕШ, ур чадварын шалгалтуудаа өгч, голч оноогоор тэтгэлгээ хамгаалж байгаа. Голч оноо нь хүрвэл гэрээгээ сунгаж, голч оноо нь хүрээгүй бол сунгахгүй, төлбөрөө төлдөг. Гэтэл гэнэт ийм шийдвэр гараад байна" гэв:
Боловсролын Зээлийн Сан нь байгуулсан гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаагаас үүдэн оюутнууд хохирч буйг тэд хэллээ.
ФОТО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!




