БЗС 2026 оны эхний хагаст дотоодод болон гадаадад суралцаж буй суралцагчдад нийт ₮91.5 тэрбумын санхүүжилт олгожээ

Б.Бадамгарав, IKon.mn
1 цаг 24 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Боловсролын Яам болон түүний харьяа агентлагуудын удирдлагууд өчигдөр 2026-2027 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлаа танилцуулсан.

Энэ үеэр Боловсролын Зээлийн Сан(БЗС)-гийн талаарх мэдээллийг мөн хүргэлээ.

Тус байгууллага нь суралцагчдад тэтгэлэг, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл олгох болон орон нутагт суралцаж буй бол төлбөрийн хөнгөлөлт олгох зэрэг дөрвөн төрлийн санхүүжилтийн үйлчилгээг үзүүлдэг юм.

2025 онд 

  • дотоодын сургалтын байгууллагад суралцаж буй 16,548 иргэнд 39.8 тэрбум төгрөг
  • гадаадад суралцаж буй 1,254 суралцагчид 66.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.

Мөн 2026 оны 2-6 дугаар сар буюу хичээлийн жилийн хоёрдугаар улиралд нийт 91.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байгаа аж. Тодруулбал 2025 онд өгч чадаагүй дутуу үлдсэн санхүүжилтийг нөхөж олгосон байна. Энэ хүрээнд дотоодын сургалтын байгууллагад суралцаж буй 2025 оны 15,880, 2026 оны 8,653 буюу нийт 24,533 суралцагчийн зардлыг энэ оны эхний хагаст олгосон. Ийнхүү дотоодод суралцагчдын зардалд нийт 42.9 тэрбум төгрөг олгосон. Харин гадаадад суралцдаг 2025 оны санхүүжилтээ авч чадаагүй байсан 938 суралцагчийн зардал, 2026 онд төлөвлөгдсөн 1,413 суралцагчийн зардалд нийт 48.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.

БЗС-гийн Ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгч П.Зохихсүрэн "Оны эхний хагаст 91.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон тул энэ жил үлдэж буй хугацааны санхүүжилт маш бага байна. БЗС-гийн хувьд санхүүжилтийн эх үүсвэр тулгамдаж байгаа. 

2025 онд төсвөө батлуулахдаа квотоо бага байхаар төлөвлөж батлуулсан тул энэ жил гүйцэтгэлийг квотоор олгосон байгаа. Квотод багтсан суралцагчдад санхүүжилтийг бүрэн олгосон. Гэхдээ квотод багтаагүй ч Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын шалгуур шаардлагыг хангасан 6,800 гаруй суралцагчийн асуудал үүссэн. Тухайлбал Боловсролын ерөнхий хуульд зааснаар 15-аас дээш жил багшаар ажиллаж буй багш, ажилтны хүүхдэд төрөөс дэмжлэг үзүүлдэг. Иймд квотод багтаагүй 506 суралцагчийн 1.45 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэн.

Орон нутгийн их, дээд сургуульд суралцдаг 1,692 суралцагчид шаардлагатай 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор ажиллаж байна. 

2026 оны хавар сургуулиа төгссөн 502 суралцагч бий. Журмын шаардлага хангасан эдгээр 502 суралцагчийн нэг тэрбум орчим төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэхээр ажиллаж байна. Хаврын квотод багтаж чадаагүй 6,800 суралцагчаас 2,700 суралцагчийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Харин 4,100 суралцагч өөрсдөө зардлаа хариуцах нөхцөл үүссэн" гэв.