Украины эрх баригчид “Маша, Баавгай хоёр” цувралын уран бүтээлчдийг хориг арга хэмжээгээр шийтгэжээ
Украины эрх баригчид Кремлийн суртал нэвтрүүлгийг түгээсэн, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үндэслэлээр “Маша, Баавгай хоёр” цувралын уран бүтээлчдийг хориг арга хэмжээгээр шийтгэжээ.
Пүрэв гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленский уг захирамжид гарын үсэг зурсан байна.
Цувралыг бүтээсэн Animaccord Animation студийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, найруулагч, зохиолч, продюсер зэрэг хүмүүс уг хоригт багтжээ.
“Бид Оросын суртал нэвтрүүлэг, ялангуяа хүүхдүүдэд чиглэсэн олон улсын томоохон платформуудаар дамжуулан түгээгдэж байгаа контентуудад онцгойлон анхаарах ёстой” гэж Зеленскийн хориг арга хэмжээний бодлогын зөвлөх Владислав Власюк хэлсэн байна.
Энэ зуны эхээр Их Британийн хэсэг хууль тогтоогчид өөрийн соёлын сайд Лиза Нандид нээлттэй захидал илгээж, стриминг платформуудаас “Маша, Баавгай хоёр” цувралыг татахыг уриалж байжээ.
Уг захидалд цувралын зарим ангиудад Оросын суртал нэвтрүүлэг агуулагдаж байгааг дурдсан байв.
Animaccord Animation студийн төлөөлөгч Мелани Бонвичино үүнийг няцааж, тус байгууллага Оросын засгийн газраас санхүүждэггүй, бие даасан үйл ажиллагаа явуулдгийг тухайн үед тайлбарлаж байжээ.
Баасан гарагт Кремлийн хэвлэлийн алба Украины хориг арга хэмжээг буруушааж, хүүхдүүдийн дуртай цувралыг онилсон нь “Киевийн дэглэмийн бузар муухайг дахин харуулж байна” гэж мэдэгдсэн юм.
Орос ардын үлгэрээс сэдэвлэсэн “Маша, Баавгай хоёр” нь YouTube платформын хамгийн их үзэлттэй контентуудын нэгд тооцогддог.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
