ААРУУРУ

Редакцын бус нийтлэл
0 минутын өмнө
Редакцын бус нийтлэл
Зураг зураг

Дайны дараа үлдсэн хамгийн том зүйл нь хүн юм.

Хүн төрөлхтний хамгийн том эндүүрлийн нэгийг дайн хэмээн харуусан бодно. Учир нь дайн гэдэг үгээр бид хоёр талыг, ялалт ба ялагдлыг, эх орон болоод дайсныг, ерөөс ертөнцийг дэндүү цэвэрхэн зааглан хуваачихдаг гэмтэй. Харин тэр заагийн цаана яг адилхан айж, өлсөж, гэрээ санагалзсан хүмүүс бий.

Би хувьдаа дайныг зөвхөн хар цагаанаар ойлгохыг хүсдэггүй. Заримдаа хүн эх орноо хамгаалахын тулд зэвсэг барина. Заримдаа хүчирхийллийн эсрэг хүч хэрэглэхээс өөр аргагүй нөхцөл ч үүснэ. Магадгүй ёс суртахууны жинхэнэ сорилт дайны цагт л ирдэг байх. Энх цагт сайхан сэтгэлтэй байх амархан. Харин чиний эсрэг зогсож буй хүнийг үзэн ядахыг бүгд шаардаж байхад, тэр хүний дотор өөртэйгөө адилхан нэгэн амьдрал оршин буйг олж харж чадах эсэх нь хүний мөн чанарыг шинжиж хүчрэхгүй гээд надад чадвал хэл л дээ.

Тэгээд ч дайн дууссаны дараа хамгийн хачирхалтай зүйл эхэлдэг биз ээ.

Нэг нь шархаа тээж үлдэнэ. Нөгөө нь үзэн ядалтаа тээж хоцорно. Өөр нэг нь өршөөлийг цэцэглүүлэн амьдралаа цааш үндэслүүлнэ. Дайн дуусдаг. Гэвч дайн дууссанаар хүний дотоод дайн төгсчихдөггүй ажээ. Буун дуу намжиж, төмөр замын зүдрэнгэ цуваа зогсож, алс тэртээ ялсан талын туг салхинд намиран, айдас тээн ялагдсан цэргүүд зэвсгээ хураалгасан тэр өдрөөс хойших хүмүүсийг “амьд үлдэгсэд” хэмээн нэрийдэж болох л. Гэвч амьд үлдэнэ ээ гэдэг нь амьдрахтай адил зүйл биш аж. Дайн хүний биеийг хөнөөдөг шигээ хүний дотор бадамлан орших итгэл, дурсамж, гэр хэмээх ойлголт, бүр хүнийг хүнээр нь харах чадварыг хүртэл шархлуулдаг хортой байх юм. Дуламсүрэнгийн Гүнболдын “Аарууру” тууж яг тэр шархны зовуурь дээрээс эхэлдэг.

Зохиолын бүтэц өөрөө ч үүнийг өгүүлнэ: “Гээгдэгсэд”, “Дайтагсад”, “Үлдэгсэд”, “Төөрөгсөд” зэрэг бүлгүүдээр дамжин үйл явдал өрнөх бөгөөд эдгээр нэршил нь дайны дараах хүний хувь заяаны өөр өөр төрхийг зааглан үзүүлнэ. Туужийн эхэнд Дэжид нутаг орноо орхин гарч байна. Тэр аль хэдийн эцэг, нөхөр, хүүгээ дайны хар сүүдэрт алдаж, гээсэн эмэгтэй. Түүний амьдралд үлдсэн цорын ганц хөдөлгөөн нь хүлээх. “Хүлээх уй” хэмээх үг зохиолд зүгээр нэг сэтгэлийн байдал бус, Дэжид гэгч дүрийн амьдралынх нь хэлбэр болон томорчээ.

Тэр хүүгээ хүлээнэ. Дайн “дуусах”-ыг хүлээнэ. Тэр хоёр аяга цай аягална. Нэг нь өөрт нь, нөгөө нь... Тэрхүү аяганы дэргэдэх хоосон зай бол туужийн хамгийн чангаар хашхирч буй дуугүй хэсгүүдийн нэг юм. Дэжидийн гэрт хадгалагдах зураг, хүрэл сумны зэв, ааруул зэрэг нь өнгөрсөн амьдралын эд өлгийн зүйлс мэт боловч үнэндээ тасарч үгүй болсон ертөнцийнх нь үлдэгдэл билээ. Зохиогч ч үүнийг орхилгүй зураглан хүүрнэжээ. Хүн заримдаа өнгөрснөө дурсамжаараа бус, эд юмсын үлдцээр хадгалдаг байх нь. Тэдгээр зүйл дуугүй атлаа эзнийхээ алдсан бүхнийг өгүүлдэг байнам. Шонхоодойн хувь заяа ч энэ асуултын хариуг шууд өгсөнгүй. Харин түүний эзгүй орон зай Дэжидийн амьдралд улам томорсоор, зохиолын нөгөө талд Шинтаро гарч ирэх цаг болсныг дохиолно.

Тэр дайнд оролцсон япон цэрэг байгаа юм. Дайнд яагаад оролцсоноо, юуны төлөө үхэж, юуг хамгаалж явснаа эргэцүүлэн бодох үедээ өөрийнхөө өмнөх итгэл үнэмшлийг задлан шинжилнэ. Ялагдсаны дараа түүнийг хүлээж буй зүйл нь эрх чөлөө бус, Сибирийн хүйтэн, өлсгөлөн, хүнд хүчир хөдөлмөр, үл мэдэх зам байлаа.

Тэр галт тэргээр тээвэрлэгдэн явахдаа цонхны цаанаас эгэл жирийн амьдралыг харж яваа тухай хэсэг бий. Тэрхүү эгэл амьдрал Шинтарод огт өөр ертөнц мэт үзэгдэх нь хачин. Япон цэргүүдийн хувьд Монгол орон эхэндээ өөр нэгэн хорих газар мэт санагдана. Оросын хүйтэн шоронг монголын жавар орлох болжээ. Гэвч тэдний төсөөлж байснаас өөр зүйл энд байсан нь “дулаан” бөгөөд энэхүү дулаан нь хорих байрны гол байх зуухнаас бус, хүний сэтгэлээс төөнөх аж. Шинтарогийн бие дулаацахаас өмнө түүний хүн байх мэдрэхүй аажмаар сэргэж, тэр агшинд “дайсан” хэмээх үг анх удаа жин бангаа алдаж эхлэх шиг. Сэрээтэр бол энэ өөрчлөлтийг хамгийн түрүүнд мэдэрсэн дүрүүдийн нэг бөгөөд тэр өөрөө дайнд оролцож, гавьяа байгуулсан цэрэг эр. Гэвч дайныг биеэр үзэж туулсан хүний сэтгэл зүрх дайны тухай суртал ухуулга ярьдаг хүнийхээс тэс өөрөөр ажиллах ажээ.

Сэрээтэр: Дайн дууссан. Дайн дуусахаар дайсан чинь хүн болдог юм хэмээн хэлж байна. Энэ бол туужийн гол тулгуур өгүүлбэрүүдийн нэг. Дайсан уг нь хүн биш улс төр, эдийн засаг байх боломжтой юм. Гэвч Наваан үүнийг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Наваан бол туужийн хамгийн сонирхолтой, магадгүй хамгийн аюултай дүр. Тэр муу хүн учраас аюултай байгаа юм биш. Харин өөрийгөө сайн хүн гэж итгэдэг учраас аюултай байгаа юм. Маш олон Навааныг бид өдгөө харж байна. Тэд эх орныхоо төлөө, социалист бүтээн байгуулалтын төлөө, журам дүрмийн төлөө зүтгэж байна хэмээн дор бүрнээ эндүүрцгээнэ. Тэдний амнаас “эх орон”, “урвалт”, “хувьсгал”, “империалистууд” хэмээх үгс тасралтгүй хөвөрнө. Гэвч тэдгээр үг хүний амьдралд хүрэх бүрдээ хүнийг дарангуйлах асар хүнд дарамт болон хувирдаг байх нь. Эндээс “Аарууру” туужийн гол зөрчил тодорно. Энэ бол япон цэрэг, монгол цэргийн хоорондын зөрчил бус. Хүн чанар ба хүнийг ангилан ялгадаг үзэл суртлын хоорондын зөрчил юм. Энэ ялгааг Дэжид хамгийн энгийнээр ойлгож чаддаг. Тэр Шинтарог “япон цэрэг” гэж хардаггүй. Тэр өлсөж, даарч, эхээ санаж буй хүүг олж хардаг юм. Туужийн хамгийн хүчтэй параллель ч энд үүснэ. Шонхоодой ба Шинтаро. Нэг нь Монгол эхийн хүү. Нөгөө нь Япон эхийн хүү. Хоёул өөр өөрийн орны дайнд мордсон цэрэг эрс. Нэг нь сураггүй болж, нөгөө нь эх орноосоо хол олзлогдсон. Тэдний хувь тавилан хэдийгээр хоёр өөр түүх мэт боловч Дэжидийн сэтгэлд “хүү” хэмээх нэгэн дүр болон нийлжээ.

Тиймээс Дэжидийн Шинтарод ааруул өгч буй нь зүгээр нэг идэх юм өгч байгаа хэрэг биш, өөрийн алдсан хүүдээ өгч чадаагүй халамжаа, эхийн сэтгэлээ өөр нэгэн хүүд дамжуулж буй хэрэг юм. Энэ утгаараа туужийн хамгийн хүчтэй бэлгэдлүүдийн нэг нь ааруул болж байна.

Ааруул бол зүгээр нэг цагаан идээ биш. Энэ бол Дэжидийн гэрээс хорих газрын хана руу нэвтэрч буй эхийн сэтгэл мөн. Шинтаро ааруул мэрэх зуураа Монгол орны амтыг мэдрэх төдий бус, ерөөс амьдралын гашуун амтыг, өөрийн гэр, хайрт ээж, хүүхэд нас, хүний хайр халамж гэх ойлголтуудын тухай дахин эргэцүүлэхэд хүрнэ.

Туужид хэлний асуудал ч мөн адил чухал байр суурь эзэлнэ. Дэжид япон хэл мэдэхгүй. Шинтаро монгол хэл мэдэхгүй. Гэвч тэд биесээ ойлгоно. Аяга халуун цай, атга ааруул, толгой дохих төдий хөдөлгөөн, нүдний харц, гарын дулаан хүн хүнээ ойлгоход хангалттай байдаг аж. Харин эсрэгээрээ нэг хэлээр ярьдаг Наваан, Сэрээтэр хоёрын ертөнц тэс өөр. Эндээс нэгэн сонин парадокс ургана. Хэл мэдэхгүй хоёр хүн биенээ ойлгож чадаад байхад, нэг хэлээр ярьдаг хүмүүс нэгнээ ойлгохоо больж болдог ажээ.

Дайнд хөлөө алдсан Мягмар. Хүүгээ алдсан Дэжид. Гэрээ алдсан Шинтаро. Дайны утгыг алдсан Сэрээтэр. Хүний мөс чанараа алдах дөхсөн Наваан. Тэд бүгд амьд үлдэгсэд. Гэвч амьд үлдэгсэд гэдэг нь энэ туужийн хувьд зөвхөн үхлээс мултарсан хүмүүсийг хэлээгүй. Тэд өөр өөрийнхөөрөө нэгэн цагийн сүйрлийг дотроо тээж үлдсэн хүмүүс. Зарим нь шархтайгаа үлдэнэ. Зарим нь үзэн ядалттайгаа. Зарим нь өршөөлтэйгөө. Мөн Сэрээтэр эцэстээ баривчлагдана. Түүний “гэмт хэрэг” нь дайсныг хүн гэж харсан явдал, олзны цэргүүдийг хамгаалсан явдал, тэдэнтэй хүн ёсны харилцаа тогтоосон явдал болно. Харин түүнийг авч явсны дараа Наваан суудалд нь сууж, бичиг цаасыг нь эмхлэн, тушаал зарлиг өгөх гэж оролдоно. Энд зохиолын хар хошин, эмгэнэлт өнгө нэгэн дор уулзана. Систем нэг хүнийг залгиад зогсохгүй. Түүний оронд өөр нэгнийг суулгаж байна. Гэвч хамгийн сүүлд Сүрэн Навааны бодит байдлыг нүүрэн дээр нь хэлж орхино. Тэр япончуудыг өөрөө ч дайснаа хэмээн үздэгээ хүлээн зөвшөөрөх авч, хүний араас хутга дүрэхийг түүнээс дор зүйл гэж үзнэ. Дайн бол нүүр нүүрээ хараад тулалддаг. Харин Наваан бусдын араас гэтнэ. Энэ мөчид “дайсан” хэмээх ойлголт бүрэн хувирна. Япон хүн дайсан байж болно. Гэвч хүний араас хутга дүрдэг монгол хүнээс илүү “хүнлэг” япон хүн байж болох нь. Тэгэхээр дайны тухай мэт уг зохиолын хамгийн аймшигтай асуулт нь “Хэн нь хэнийгээ ялсан бэ?” биш харин “Хэн нь хүн хэвээрээ үлдсэн бэ?” болж байна.

Дайн хүний биеийг хөнөөдөг. Харин үзэн ядалт хүний доторх хүнийг ч хөнөөчхөж чадна. Тиймээс дайнаас амьд гарна гэдэг зөвхөн суманд өртөлгүй үлдэхийн нэр биш. Сумны зэв зүүсээр өөрийнхөө доторх хүнийг үхүүлэлгүй авч гарахын нэр юм. “Аарууру” эцэстээ дайны тухай өгүүлсэн тууж гэхээсээ дайны дараа юу үлддэг тухай асуусан тууж байж ч мэднэ ээ. Хариулт нь хүн юм. Дайны дараа үлдсэн хамгийн том зүйл нь хүн юм.

 

Батхүүгийн Батзаяа

Зураг
23 минут