Хан Алтай Ресурс ХХК “Great Place to Work®” олон улсын гэрчилгээ хүртлээ
Great Place to Work® гэрчилгээ нь ажилтнуудын байгууллагадаа өгсөн үнэлгээнд үндэслэн олгогддог бөгөөд байгууллагын соёл, итгэлцэл, хамтын ажиллагаа, манлайлал, шударга байдал, бахархал зэрэг олон чухал үзүүлэлтийг цогцоор нь үнэлдгээрээ онцлог юм.
Өнөөдөр Хан Алтай Ресурс компанийн 1,100 гаруй ажилтан дэлхийд өрсөлдөхүйц уурхайг бүтээн байгуулах зорилгын төлөө нэгдэн ажиллаж байна. Энэхүү амжилт нь зөвхөн үйлдвэрлэлийн үр ашиг, технологийн дэвшлээр хэмжигдэхгүй, харин хамт олны итгэлцэл, эв нэгдэл, хөгжих боломж, ажиллах орчны чанараар тодорхойлогдоно гэж бид үздэг.
Хан Алтай Ресурс ажилтнуудынхаа эрүүл мэнд, аюулгүй байдал, сэтгэлзүйн болон бие бялдрын сайн сайхан байдлыг байгууллагын тогтвортой хөгжлийн салшгүй хэсэг болгон хэрэгжүүлж ирсэн. Энэ хүрээнд ажилтнуудад зориулсан орчин үеийн, аюулгүй, тав тухтай ажлын болон амьдрах орчин бүрдүүлэх, эрүүл хоол хүнс, спорт фитнесийн танхим, сургалт хөгжлийн боломж, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ, ажил амьдралын тэнцвэрийг дэмжих олон төрлийн хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлж байна.
Түүнчлэн компани нь ажилтан бүрийн үзэл бодол, туршлага, хувь хүний онцлогийг хүндэтгэн дэмждэг бөгөөд эрх тэгш боломж, олон талт байдал, харилцан хүндэтгэлд суурилсан хүртээмжтэй ажлын орчныг төлөвшүүлэхэд онцгой анхааран ажилладаг.
Great Place to Work® гэрчилгээ хүртсэн нь Хан Алтай Ресурсын хэрэгжүүлж буй хүн төвт бодлого, харилцан итгэлцэл, шударга байдал, байгууллагаараа бахархах соёл бодит үр дүнд хүрснийг харуулсан чухал үнэлгээ болж байна.
Тус компанийн хувьд дэлхийн түвшний уурхайг зөвхөн орчин үеийн техник технологиор бус, хамгийн үнэ цэнтэй хөрөнгө болох хүмүүсээрээ бүтээн байгуулна гэсэн зарчмыг баримталдаг. Иймээс ажилтнуудын хөгжил, сайн сайхан байдал, гэр бүлийн үнэ цэнийг дэмжсэн бодлогоо цаашид улам бэхжүүлж, тогтвортой хөгжил болон байгууллагын соёлыг хөгжүүлэхэд тууштай ажиллах юм.
"Хүн ба Байгаль" үнэт зүйлсээ эрхэмлэн, хүн төвт соёлоо улам бүр бэхжүүлж, дэлхийд өрсөлдөхүйц уурхайг бүтээн байгуулах зорилгын төлөө бид хамтдаа урагшилсаар байх болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
