Х.Тамир: Сурах бичиг зохиох, хэвлэх тендерийн шаардлагыг хангасан учраас "Мөнхийн үсэг", "Соёмбо" компани шалгарсан

Б.Бадамгарав, IKon.mn
6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сургалтын хөтөлбөр энэ хичээлийн жилээс шинэчлэгдсэн.

Үүнтэй уялдсан сурах бичиг мөн өөрчлөгдсөн юм. Гэтэл хэт хурц өнгөтэй, сурах бичигт байгаа зургууд нь алдаатай, хиймэл оюунаар хийлгэсэн гэх мэтчилэн шүүмжлэл нийгэмд өрнөж байна. 

Тэгвэл сурах бичгүүдийг сайтар хянаагүй хэмээгдэж буй Боловсролын Яамнаас өнөөдөр энэ асуудалд тайлбар хийв.

Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-ын дарга Х.Тамир "Сурах бичиг зохиох, хэвлэх, түгээх журмыг энэ хавар шинэчлэн баталсан. Үүнтэй холбоотойгоор сурах бичгийн стандарт шаардлага мөн шинэчлэгдэж, зургаадугаар сарын 9-нд батлагдсан. Зургаадугаар сарын 11-нд нэгдүгээр ангийн сурах бичгийг зохиох, хэвлэх, түгээх багц тендер үндэсний хэмжээнд нээлттэй зарлахад тендерийн мэдэгдэл авсан дөрвөн компани бий. Эдгээр нь зургаадугаар сарын 11-нээс сурах бичиг зохиох, боловсруулах ажлаа хэрэгжүүлж, долдугаар сарын 27-нд эхний байдлаар тендерээ нээхэд дөрвөн компаниас шаардлага хангасан байгууллага гараагүй. Боловсруулалт бүрэн бус байсан. Мөн компанид ерөнхий чадавхын шаардлага, санхүүгийн шаардлага, өр авлагатай эсэх зэрэг олон шаардлага тавигддаг бөгөөд хангах газар гараагүй. 

Иймд дахин тендер зарлаж, есдүгээр сарын 9-нд тендер нээж сонгон шалгаруулалт явуулсан. Ирүүлсэн эхүүд дээр бид ажиллаад хоёр компани шалгаруулсан. Компаниудаас ирүүлсэн эх бол эцсийн хувилбар биш бөгөөд сонгон шалгаруулалтад зориулсан байдаг.

Журмын дагуу Төрийн Хэлний Зөвлөл, Хүний Эрхийн Үндэсний Комисс, Жендэрийн үндэсний хороо, Сурагчдын холбоо гэсэн дөрвөн байгууллагаас сурах бичгийн эх дээр санал, дүгнэлт авдаг. Эдгээр дөрвөн байгууллагаас саналаа авч, хэвлэлийн газрууд эх зохиох мэргэжлийн баг нь засварлана. Засвар хийснийг БЕГ хянана. Дараа нь Боловсролын Судалгааны Үндэсний Хүрээлэнгээс шинжээчийн баг томилогдон гарч, хөтөлбөрт нийцтэй байдал, агуулга арга зүйн үнэлгээний түвшинг үнэлж, сурах бичгийн шаардлага хангаж буй эсэхийг дүгнэнэ. Дүгнэлтийн мөрөөр БЕГ сурах бичгийн хуудас бүрээр сайжруулсан байдалд илтгэх хуудас авч, хэвлэх зөвшөөрөл өгдөг.

Мөн хэвлэлийн газруудад агуулгын болон техникийн редактор хянаад хэвлэн гаргаж байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлд нэгдүгээр ангийнхны сурах бичгийг 100 хувь хүргэсэн. 17 аймагт мөн бүрэн хүргэгдсэн. Үлдсэн байршлуудад энэ долоо хоногтоо багтан хүргэнэ" гэлээ.

Түүнчлэн өчигдөр сурах бичгийн асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулсан Монсудар компанийн талаар "Түншлэлийн гэрээн дээр хоёр тал татвар, нийгмийн даатгалын өргүй байх ёстой. Өртэй байсан учраас хасагдсан. Иймд сурах бичгийн шалгаруулалтад орох боломж Тендерийн хуульд байдаггүй. Шалгарсан компаниудын сурах бичиг мэргэжлийн байгууллагууд дүгнэлтээ гарган, сурагчдын гарт хүргэсэн.

"Мөнхийн үсэг" компани ижил төстэй ажлын шаардлагаа мэдүүлж орж ирсэн. Өмнө нь сурах бичиг бичиж байсан, агуулга боловсруулдаг, ном зохиох үйл ажиллагаа эрхэлдэг хэвлэлийн газартай. "Соёмбо" компани мөн хэвлэлийн үйлдвэр, хэвлэлийн газартай, сурах бичиг зохиодог туршлагатай. Тендерийн бичиг баримтын шаардлагыг хангасан учраас энэ хоёр компани шалгарсан" гэх тайлбар хэлэв.

Нэмж дурдахад нэгдүгээр ангийн сурах бичгийн багц нь улсын хэмжээнд нийтдээ 1.3 сая ширхэг ном болжээ. 

Зураг
1 | 5 цаг