"Зургаа хүртэлх насны хүүхэд томуу, томуу төст өвчин тусвал эцэг эх, асран хамгаалагчид нь цалинтай чөлөө олгоно"
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр "томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн зургаа хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эцэг, эх, асран хамгаалагчдыг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2027 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл:
- Боломжтой тохиолдолд гэрээс цахимаар ажиллуулах;
- Цахимаар ажиллах боломжгүй бол ажлын тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгох түр хугацааны зохицуулалтыг хэрэгжүүлнэ" гэдгийг Эрүүл мэндийн сайд Э.Батшугар хэллээ.
Эдгээр нь төрийн албан хаагчдад хамаарагдана. Мөн бусад хувийн хэвшлийнхэнд уриалж байгааг нэмж хэллээ.
Эрүүл мэндийн сайд хэлэхдээ "Дэлхий даяар томуугийн рино вирусийн дэгдэлт маш өндөр байна. Манайд ч ялгаагүй энэ төрлийн вирус дэгдэлттэй байгаа.
Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор ЭМЯ-наас наймдугаар сард төлөвлөгөө баталсан. Энэ хүрээнд томууг оношилдог лабораторийн шинжилгээний нөөцийг дөрвөн сараар нөөцөлсөн. Томуу нь есдүгээр сараас гуравдугаар сар хүртэл хамгийн дэгдэлттэй үе гэж явдаг.
Энэ жил эмнэлгийн нийт 4,000 орыг бэлдсэн. Үүний 2,400 нь Улаанбаатар хотод, 1,600 нь орон нутагт байна.
Өнгөрсөн жил Монгол Улс томуугийн эсрэг 300 мянган вакцин оруулж ирсэн. Энэ жил 500 мянган вакцин оруулж ирсэн байгаа. Эхний ээлжийн 330 мянган вакцинаар дархлаажуулж дууссан. Есдүгээр сарын 30-нд 170 мянган вакцин орж ирсэн бөгөөд тэдгээрийг тараасан.
Зорилтот бүлгийн хүмүүс вакцинаа хийлгээрэй гэж уриалж байна. Вакцин бол дэлхийн шинжлэх ухаанаар батлагдаж нотлогдсон хамгийн сайн арга хэмжээ. Томуугийн вакцин тариулсан хүн хүндэрч эмнэлэгт хэвтэх нь 60-70 хувь багасдаг олон улсын статистик бий" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
