Европын Холбоо дахин Виктор Орбан шиг хүнтэй учрахгүйн тулд шинэ гишүүн орнуудаа 15 жилийн хугацаанд "туршдаг" болно
Европын Комисс ойрын жилүүдэд зүүн Европ руу тэлэх төлөвлөгөөгөө боловсруулж буй энэ үед Европын Холбооны (ЕХ) гишүүн орнуудын дараагийн үеийнхний дунд Виктор Орбан шиг удирдагч дахин гарч ирэхээс сэргийлэхийг зорьж байна.
Хэвлэлд өгсөн ярилцлагадаа ЕХ-ны тэлэлт хариуцсан комиссар Марта Кос ардчилсан үнэт зүйлсийг үл тоомсорлож, шийдвэр гаргах үйл явцыг гацааж болзошгүй удирдагчдаас (Унгарын ерөнхий сайд асан үүний нэг тод жишээ болдог) холбоог хамгаалах тусгай хамгаалалтын арга хэмжээнүүдийн саналыг боловсруулснаа танилцуулжээ.
"Дахиж Виктор Орбан шиг хүн гарах ёсгүй. Хэрэв шинээр элсэгч орнууд хууль дээдлэх ёс, ардчилал эсвэл бидний үнэт зүйлсийн эсрэг үйлдэл гаргавал бидэнд зөвхөн гэрээний долдугаар зүйл (гишүүн улсын санал өгөх эрхийг түдгэлзүүлэх боломжийг олгодог хориг арга хэмжээ)-ээс илүү хурдан үйлчлэх механизм хэрэгтэй болно” гэж Кос тайлбарласан юм.
Мягмар гарагт Косын танилцуулсан төлөвлөгөөний дагуу ЕХ-нд шинээр элссэн аливаа улс 15 жилийн туршилтын хугацааг туулах бөгөөд энэ хугацаанд ардчиллын үндсэн зарчмуудыг зөрчих эсвэл ЕХ-нд үнэнч байх (чин сэтгэлээсээ хамтран ажиллах) зарчмаа зөрчвөл санал өгөх эрхээ хасуулах, эсвэл ЕХ-ны санхүүжилтээс хасагдах эрсдэлтэй болох гэнэ. Энэхүү төлөвлөгөөг батлахын тулд ЕХ-ны бүх гишүүн орны дэмжлэг шаардлагатай.
ЕХ-ны гэрээний 7-р зүйлд ардчилсан үнэт зүйлсийг "ноцтой бөгөөд байнга зөрчсөн" тохиолдолд гишүүн улсын санал өгөх эрхийг хасахыг зөвшөөрдөг. Гэвч Польш, Унгар улсуудын өмнөх засгийн газруудын үед ардчиллаас ухарч буй тухай удаан хугацаанд яригдаж байсан ч энэхүү арга хэмжээг хэзээ ч хэрэгжүүлж байгаагүй.
Гол шалтгаан нь Төв Европын холбоотон энэ хоёр улс бие биеэ хамгаалахын тулд хориг тавих эрхээ (veto power) ашигладаг байсантай холбоотой.
Харин шинэ саналын дагуу ардчиллын стандартыг зөрчсөн тохиолдолд гишүүн орнуудын санал өгөх эрхийг түдгэлзүүлэх болон бусад шийтгэл оногдуулах босго нь өмнөхөөсөө намхан байх гэнэ.
ЕХ-ны албан тушаалтан "Энэ бол томоохон шинэчлэл бөгөөд тэлэлтийг эсэргүүцдэг орнуудын иргэдэд хүргэх чухал мессеж юм. Өөрөөр хэлбэл тэлэлтийн дараа ямар нэг асуудал үүссэн ч бидэнд маш хүчтэй хамгаалалтын тогтолцоо бий гэдгийг харуулж байна" гэж тайлбарлажээ.
2022 оны хоёрдугаар сард Украины эсрэг эхэлсэн эзлэн түрэмгийлэх дайн нь удаан хугацаанд зогсонги байдалд байсан ЕХ-ны өргөжин тэлэх үйл явцад шинэ уур амьсгал оруулсан юм. Оросын халдлагаас хойш хэдхэн хоногийн дотор Украин, Молдов улсууд ЕХ-нд элсэх хүсэлтээ гаргасан бөгөөд нийт 17.4 сая хүн амтай, Орос болон Хятад улс нөлөөгөө тогтоохын төлөө өрсөлдөж буй Баруун Балканы орнуудыг ЕХ-нд элсэх үйл явцыг эрчимжүүлэхэд түлхэц болсон билээ.
ЕХ-ны гишүүн 27 улс шинэ гишүүн элсүүлэх асуудлаар санал нэгтэй шийдвэр гаргах шаардлагатай байдаг ч Франц, Чех зэрэг улсуудын сонгогчдын дунд энэ тал дээр эргэлзээ, үл итгэх байдал өндөр хэвээр байгаа юм.
Гэсэн хэдий ч Кос өргөжин тэлэх үйл явц улс төрийн хувьд боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Орос, Хятад улсуудыг "манайд элсэхээр зорьж буй улсуудыг өөртөө татахыг оролдож буй, гаднаас сөрөг нөлөө үзүүлэгч хүчнүүд" хэмээн нэрлэсэн байна.
Өргөжин тэлэх үйл явцыг "бидний стратегийн ашиг сонирхол" гэж тодорхойлсон Кос "Хэрэв бид хөрш орнуудаа өөртөө нэгтгэж чадахгүй бол өөр хэн нэгэн гарч ирээд тэдгээр улсуудыг бидний эсрэг зэвсэг болгон ашиглах болно" гэж хэлсэн юм.
Жишээ нь Орос улс нэр дэвшигч улс орнуудыг Европын замаас нь буцаахын тулд "сая саяар хөрөнгө зарцуулсан" талаар тэр онцлохдоо Молдов болон Армени улсад болсон сонгуулийн үйл явцыг жишээ татсан байна.
Харин Хятад улсын хувьд хөрөнгө оруулагчийн хувиар эдийн засгийн хүчээ ашиглан улс орнуудад нөлөөлдөг болохыг Кос тайлбарлажээ.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
