Өмнөд Солонгос улс хиймэл оюуны өсөлтөөс үүдэлтэй “гэнэтийн орлого”-оороо “ирээдүйн сан” байгуулна
Өмнөд Солонгос улс хиймэл оюуны технологийн хөгжлөөс үүдэлтэй “гэнэтийн орлого”-оороо урт хугацааны эдийн засгийн өсөлтийг дэмжих “ирээдүйн сан” байгуулахаар болсныг өнөөдөр зарлажээ.
Уг төлөвлөгөөг өнөөдөр өглөө тус улсын Төлөвлөлт, Төсвийн яам засгийн газрын холбогдох агентлагуудтай хамтран танилцуулсан байна.
“Дэлхийн зах зээл дэх хагас дамжуулагч чипийн эрэлтийн улмаас аж ахуйн нэгжийн албан татварын орлого огцом өсөх төлөвтэй байна. Бид одоогийн нөхцөлд бий болсон санхүүгийн чадавхаа технологийн давамгайллын төлөөх дэлхий нийтийн өрсөлдөөнд үнэ цэнтэй зэвсэг болгон ашиглах ёстой” гэж төсвийн яамны төлөөлөгч мэдэгджээ.
Тус яам саяхан эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, аж үйлдвэрийн салбарын супер мөчлөг зэрэг мэдэгдэхүйц хэлбэлзлээс шалтгаалан өссөн татварын орлогыг “гэнэтийн орлого” гэж нэрлэхээр болсон юм.
Уг орлогыг нэмэлт төсөв санхүүжүүлэх, засгийн газрын өрийг төлөх зэрэгт зарцуулалгүй, илүү алсын хараатай бодлогод зориулахын тулд “ирээдүйн санг” бий болгож байгаа юм байна.
“Уг хөрөнгө оруулалт нь улс орны хөгжлийн хурдыг нэмэгдүүлэхэд шаардлагатай эдийн засгийн гол чиглэлүүд, тухайлбал залуучууд, өсөлтийн салбарууд, боловсролын системд зарцуулагдах болно” гэж яамны төлөөлөгч тайлбарлажээ.
Тухайлбал залуусын амьдралыг ажлын байр, орон сууц, гэр бүл, хүүхэд гээд бүх үе шатанд нь дэмжихээр төлөвлөсөн байна.
Өсөлтийн салбаруудад бага оврын цөмийн реактор (SMR), цөмийн нэгдэл, сэргээгдэх эрчим хүч, квант технологи, сансар судлал, дэвшилтэт биологи, дэвшилтэт материал болон эд ангиудын хангамжийн сүлжээ гэсэн долоон салбар багтжээ.
Бас дээд боловсролын системийг дэмжиж, боловсролын төсвийн хуваарилалтын механизмыг шинэчлэхээр төлөвлөсөн байна.
Ирээдүйн сангийн төлөвлөгөөг есдүгээр сарын нэгэнд засгийн газрын хурлаар хэлэлцэж, есдүгээр сарын 3-ны өдөр Үндэсний Ассамблейд өргөн барихаар болжээ.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
