П.Мөнхзаяа: Хүүхдийн тоглоомын талбай нь насны онцлогт нийцсэн, тохиромжтой гадаргуутай байх ёстой
Нийслэл хотын орон сууцны хороолол дундах хүүхдийн тоглоомын талбайд хүүхдийн аюулгүй орчныг бүрдүүлж байгаа талаар албаныхан мэдээлэв.
Энэ тухай УБЗАА-ны Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр “Хот нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аяны хүрээнд хүүхдийн тоглоомын талбайн засвар, арчлалтад түлхүү анхаарч ажиллаж байна.
Нийслэлийн хэмжээнд чийрэгжүүлэх, спорт, хүүхдийн гулсууртай, бичил цэцэрлэгт хүрээлэн бүхий талбай 2,450 орчим байдаг. Үүний 30 хувьд нь буюу 700 орчим талбайд засвар, арчлалт хийсэн. Мөн СӨХ-ын хариуцдаг талбайн засвар, арчлалтад СӨХ-ны холбоогоор дамжуулан үүрэг чиглэл өгч байна.
Нийтийн эзэмшлийн зам, талбай дахь тоглоомын талбайн засвар арчлалтыг дүүрэг хариуцдаг. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны орон сууцны хороолол дундах талбайд нийслэл болон дүүргийн зүгээс засвар, арчлалтыг хийж хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлээд байна” гэв.
Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Хотын стандартын хяналтын улсын ахлах байцаагч П.Мөнхзаяа “Нийслэлийн хэмжээнд нийтийн аж ахуйн болон хотхон, хорооллын эзэмшилд буй тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулдаг. Шинээр тохижуулсан тоглоомын талбай нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хотын стандартын шаардлагуудад нийцсэн. Хотын стандартын шаардлагад хүүхдийн тоглоомын талбай нь хүртээмжтэй, хүүхдийн насны онцлогт нийцсэн байх бөгөөд тохиромжтой гадаргуутай байх ёстой гэж заасан”-ыг хэллээ.
Сүхбаатар дүүрэгт нийт 186 тоглоомын талбай байгаа бөгөөд арчлалт, хамгаалалтыг мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлж, хүүхдийн аюулгүй тоглох орчныг бүрдүүлж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
