“Эдийн засгийн эрх чөлөөний хууль нь санхүүгийн зах зээлийн өсөлтийг дэмжих чухал алхам боллоо”

ikon.mn
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн дарга Г.Энхбаттай Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, санхүүгийн салбарын орчин, хөрөнгийн зах зээлийн цаашдын хөгжлийн талаар ярилцлаа.

– Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль өнгөрөгч долоо хоногт батлагдлаа. Энэ хуулийн ач холбогдлыг хэлж өгөөч?

– Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль батлагдсан нь хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, санхүүгийн салбарын оролцогчдын хувьд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Энэ хууль нь эдийн засгийн үйл ажиллагаа эрхлэх эрх чөлөөг баталгаажуулах, бизнесийн орчныг илүү таатай болгох, хөрөнгө оруулалтыг дэмжих суурь зохицуулалт болж байна.

Ялангуяа төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, эдийн засгийг тэлэх, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд бодитой нөлөө үзүүлнэ гэж харж байна.

– Эдийн засгийн эрх чөлөөний хууль батлагдсантай холбогдуулан санхүүгийн салбарт ямар өөрчлөлтүүдийг авчирч байгаа вэ?

– Санхүүгийн салбарын хувьд хэд хэдэн чухал өөрчлөлт орж байна. Тухайлбал, үнэт цаас борлуулсны ашгаас авах татварын таатай зохицуулалтыг 2040 он хүртэл сунгагдлаа. Мөн өмнө нь зөвхөн банкуудад үйлчилж байсан гадаад эх үүсвэрээс авсан хүүгийн төлбөрт ногдох 5 хувийн суутган төлөгчийн татварын зохицуулалт бусад санхүүгийн байгууллагуудад мөн ижил 5 хувиар үйлчлэхээр боллоо. Өмнө нь банкнаас бусад салбар 20 хувь байсан нь шударга биш байсан гэхэд болно.

Энэ хоёр зохицуулалтын гол ач холбогдол нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг хөрөнгийн зах зээл цаашлаад санхүүгийн зах зээлд татах, банкнаас бусад санхүүгийн байгууллагуудын эх үүсвэр татах боломжийг нэмэгдүүлэх, цаашлаад дотоодын эдийн засгийг тэлэх томоохон хөшүүрэг болно гэж үзэж байна.

– Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо юу хийдэг байгууллага вэ?

– Манай холбоо 31 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага. Бид мэргэжлийн түвшинд, мэргэжлийн холбоодын жишиг болсон үйл ажиллагаа явуулахыг зорьж ажилладаг.

2013 оноос хойш төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, хөрөнгийн зах зээл дээр тусгай зөвшөөрөлтэй этгээдийн хүний нөөцөд мэргэжлийн ажил үйлчилгээ үзүүлэх эрх, сертификат олгох чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Мөн 2021 оноос хойш биржийн бус зах зээлийг хөгжүүлж байна. Биржийн бус зах зээл эхэлсэн цагаасаа хойш нийт 9 их наяд төгрөгийн үнэт цаас бүртгээд байна. Одоогийн байдлаар зах зээл маань тогтвортой өсөж байна.

Товчоор хэлбэл, төр болон хувийн хэвшлийн түншлэлийг үр дүнтэй байлгаж болдог, мэргэжлийн түвшинд хувийн хэвшил ажиллаж чаддаг гэдгийг харуулж буй сайн жишээ гэж бодож байна.

– Мэргэжлийн холбооны хувьд зах зээлд оруулж буй хувь нэмэр, хувийн хэвшлийг хамгаалах, төр болон хувийн хэвшлийн хооронд гүүр болж ажиллах үүрэг ямар байгаа гэж үзэж байна вэ?

– Манай холбооны үйл ажиллагаа бол төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааны маш сайн жишээнүүдийн нэг гэж бодож байна. Эдийн засгийн эрх чөлөөний хуулийг дагалдуулаад хөрөнгө оруулалт, санхүүгийн салбарт татварын таатай нөхцөлүүдийг оруулж чадсан нь үүний нэг илрэл юм.

Бид зохицуулагч байгууллага болох Санхүүгийн зохицуулах хороо, бодлого боловсруулагч Сангийн яам болон бусад оролцогч талуудтай нэг ойлголцолд хүрч, дотоод зах зээлд хөрөнгө оруулагч нар урт хугацаанд шийдвэр гаргах хөшүүргийг бий болголоо.

Энэ өөрчлөлтийн үр дүнг зөвхөн хөрөнгийн зах зээлийн оролцогч, хөрөнгө оруулагчид эдлэхгүй бөгөөд үнэт цаасны компани, банк бус санхүүгийн байгууллага, даатгалын салбар зэрэг санхүүгийн салбарт ажиллаж буй бүх л компани бүгд хүртэнэ.

Тиймээс энэ хууль батлагдсан явдал нь мэргэжлийн холбоод манлайлал үзүүлж, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа үр дүнд хүрч болдгийг харуулсан чухал жишээ боллоо гэж харж байна.

– Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн орчныг таатай болгоход дараагийн алхам юу байх вэ?

– Манай холбоо өнгөрсөн жил Азийн Үнэт Цаасны Форумыг /ASF/ Улаанбаатар хотноо нэр төртэй, амжилттай зохион байгуулсан. Энэ үеэр бүс нутгийн ирэх 30 жилийн бодлого, стратегийг тунхагласан Улаанбаатарын тунхаг бичгийг Зүүн Өмнөд Азийн 20 гаруй орны төлөөлөгчидтэй хамтран баталсан нь хамтдаа урагшлах чухал шийдвэр болсон.

Мөн биржийн бус зах зээл дээр блокчэйн технологийг бүрэн нэвтрүүлж, үүний үр дүнг хөрөнгө оруулагчид хүртэж байна. Энэ үйл явдал өнгөрсөн намар Сингапурын финтек арга хэмжээн дээр дурдагдаж, бүс нутаг болон дэлхийн хэмжээнд блокчэйн технологид суурилсан зах зээлийн сайн жишээ болсон гэж үзэж байна. Энэ нь мөн л зохицуулагч, төрийн төлөөлөл болон хувийн хэвшил хамтдаа хийж чадсан амжилттай ажил юм.

Цаашид бид технологийн дэвшил ашигласан, хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг бүрдүүлэх, тогтвортой санхүүжилтийг дэмжих, чадварлаг хүний нөөц болон хөрөнгө оруулалт шингээх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаагаа тогтвортой хөгжүүлнэ.

Дараагийн хөгжүүлэх ёстой зах зээл бол мөнгөний зах зээл, мөн үүсмэл санхүүгийн хэрэгслүүд гэж харж байна. Монгол Улс Зүүн Өмнөд Ази болон Төв Азийг холбосон чухал санхүүгийн зах зээл болж чадна гэсэн потенциал бий.

Эцэст нь хэлэхэд, санхүүгийн салбарын өсөлт нь дотоодын эдийн засгийг тэлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, хуримтлалыг дэмжих чухал ач холбогдолтой салбар гэдгийг онцолмоор байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.