"Өнөөдөр дээд сургууль төгсөөд цалингүй гэртээ гэдсээ илээд хэвтэх үү, коллеж төгсөөд ₮15 саяын цалинтай гагнуурчин хийх үү"
Мэргэжлийн боловсрол болон коллежийн тогтолцоог хэрэгжүүлж, хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.
Тэрбээр "Мэргэжлийн болон техникийн боловсролын тогтолцооны шинэчлэлийг эхлүүлж байна. Монгол Улс дээд сургуульгүй болсон. Одоо зөвхөн их сургууль болон коллежийн тогтолцоо руу шилжиж байгаа. Цөөн чанартай их сургууль, коллежтой байна.
Дэлхийн улс орнуудыг харж байхад хоёрхон тогтолцоотой. Тийм учраас гаж тогтолцоог халж, их сургууль болон коллежийн тогтолцоонд шилжүүлж байна.
Коллежийн тогтолцоог хэрэгжүүлэхдээ ажил олгогчтой хамтарна.
Ажиллангаа суралцах, суралцангаа ажиллах тогтолцооны шинэчлэл хийнэ гэсэн үг. Энэ намраас хөдөө аж ахуйн төрөлжсөн коллежуудыг гаргаж ирнэ. Хөдөө аж ахуйн таван чадамжийн төвийг гаргаж ирэх шинэчлэлийг мэргэжлийн боловсролын хүрээнд хийж байгаа.
Мэргэжлийн боловсрол, коллежуудын боловсрол нийгэмд маш сайжирч байгаа. Коллеж руу орох хүүхдийн тоо жил бүр өсөж байна.
Коллежийн олон улсын хөтөлбөрүүдийг оруулж ирж байгаа. Коллежийн хөтөлбөр манай хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлттэй уялдсан шинэчлэл" гэдгийг хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

