Б.Дашпүрэв: Наадмын үеэр АИ-92 автобензин болон дизель түлшний үнэ нэмэгдэхгүй, тасалдал хомсдол үүсэхгүй
Үндэсний их баяр наадмын урт хугацаатай амралт эхэлж, иргэдийн дотоодын аялал жуулчлал нэмэгдэхтэй холбогдуулан Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам (АҮЭБЯ)-наас шатахууны нөхцөл байдлын асуудлаар мэдээлэл өглөө.
АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв "Өнөөдрийн байдлаар АИ-92 бүтээгдэхүүн 71,552 тонн буюу 33 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй, АИ-95 бүтээгдэхүүн 3,965 тонн буюу 44 хоногийн хэрэглээний нөөцтэй байна. Дизель түлшний хувьд 106,683 тонн буюу 27 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байгаа.
Нийгэмд гарч буй ОХУ-тай холбогдуулж шатахууны хомсдол үүсэх, үнэ нэмэгдэх гэх буруу ташаа мэдээлэлд залруулъя.
Дотоодын аялал жуулчлал нэмэгдэж байгаа ч ердийн хэрэглээний нөхцөл байдал дээр хомсдол нүүрлэхгүй, үнэ нэмэгдэхгүй. Ялангуяа дизель түлшний хувьд үнэ буурах нөхцөл байдалтай мэдээлэл ирсэн.
АИ-92 төрлийн бүтээгдэхүүн дээр ОХУ-тай 705 ам.доллароор тогтмол нийлүүлэх хэрэглээний нөхцөлтэйгөөр гурван сарын хугацаанд үнэ 30 хувиас дээш нэмэгдсэн тохиолдолд үнийг эргэж харна гэдэг гэрээтэй. Дөрвөн сарын турш үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан үнэ нэмэх нөхцөл байдал тогтоогдож магадгүй.
Наадмын үеэр АИ-92 автобензин болон дизель түлшний үнэ нэмэгдэхгүй, тасалдал хомсдол үүсэхгүй. Наадмын дараа долоодугаар сарын 20-ны үеэр Үнэ хангамжийн нэгдсэн зөвлөл хуралдаж зарим төрлийн бүтээгдэхүүн дээр үнэ бууруулах, өсгөх асуудлыг хэлэлцэнэ.
ОХУ-д тодорхой хэмжээний тасалдал хомсдол болсон нөхцөл байдал бий ч бид гэрээний нөхцөлтэй ажиллаж байгаа. ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор экспорт зогсоож буй асуудал Монгол Улсад үйлчлэхгүй.
БНХАУ-аас бүтээгдэхүүн авах боломжтой аж ахуйн нэгжүүд захиалга өгчихсөн байна. Мөн БНСУ-аас дизель түлш татаж авах гэрээ хэлэлцээрийг аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлээд эхнээсээ бүтээгдэхүүн ачигдахад бэлэн болсон. Бид хоёрдогч, гуравдагч хөршөөс газрын тосны бүтээгдэхүүн тогтмол нийлүүлэх бодлогын ажлаа хийж байгаа" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

