Криштиану Роналду ДАШТ-ий замналаа өндөрлүүлж, Испанийн шигшээ баг 2010 оноос хойш анх удаа шөвгийн наймд үлдлээ
Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий шөвгийн 16-гийн хамгийн олон хүний хүсэн хүлээж байсан Португал, Испанийн тоглолт өндөрлөлөө.
АНУ-ын Техас мужийн "Даллас" цэнгэлдэхэд болсон уг тоглолт алдарт Криштиану Роналдугийн хувьд ДАШТ-д хийж буй сүүлийн тоглолт болж байна. Тоглолтын үндсэн цагт хоёр баг хуурай тэнцсэн. Харин шүүгчийн мэдлийн 90+1 дэх минутад Португалийн хашир туршлагатай хамгаалагч Бернардо Сильва эсрэг багийн тоглогчийг алдаа хийж зогсоосон юм.
Үндсэн 90 минутын турш огт хий гаргаагүй Португалийн тоглогчид богино хугацаанд анхаарал алдсаныг испаничууд чадмаг ашиглав. Сэлгээнээс талбайд гарсан Ферран Торресын дамжуулалтаар Микель Мерино энэ ДАШТ-д анхны гоолоо орууллаа.
Өдгөө 30 настай Мериногийн хувьд Испанийн шигшээдээ 48 дахь тоглолтод оролцоод 11 дэх гоолоо оруулсан нь энэ юм. Түүний гоолын ачаар испаничууд 2010 оноос хойш анх удаа шөвгийн наймд шалгарч байна. Тэд анх удаа алтан дагина хүртсэн тэмцээнийхээ дараа хэсгээсээ шалгарч чадаагүй бол сүүлийн хоёр жил шөвгийн 16-гаас нутаг буцсан түүхтэй.
Зургаан ДАШТ-д оролцсон К.Роналду энэ тэмцээнд нийт 11 гоолтойгоор замналаа өндөрлүүлж байна. Тэрбээр 2006, 2010, 2014, 2022 онд тус бүр нэг, 2018 онд дөрөв, 2026 онд гурван гоол оруулсан үзүүлэлтээр ДАШТ-ийг орхив.
Мөн тэр ДАШТ-д нийт 26 тоглолтод оролцохдоо хоёр гоолын дамжуулалт өгсөн үзүүлэлттэй.
Португал эр одоогоор шигшээ багтаа 232 тоглолтод оролцохдоо 146 гоол оруулсан үзүүлэлтээр рекорд эзэмшдэг. Түүнчлэн нийт албан ёсны 1,326 тоглолтод оролцоод 976 гоол оруулаад байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
