Украины дронууд баруун Сибир дэх Оросын хамгийн том газрын тосны үйлдвэрт халджээ

Т.Давааням, ikon.mn
19 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Баруун Сибирийн бүс нутагт оршдог Оросын хамгийн том газрын тос боловсруулах үйлдвэрт агаарын цохилт өгснөө Украины зэвсэгт хүчин Даваа гарагт мэдээлжээ.

Хилээс 2,500 орчим километр зайд, Омск хотын захад байрладаг Газпром компанийн энэ үйлдвэрт довтолсон нь дайн эхэлсэн цагаас хойш Украины дронууд хамгийн хол зайд хүрсэн тохиолдол болсон байна.

Хиймэл дагуулууд нь уг байгууламжид олон тооны галын цэгүүд бүртгэснийг Даваа гарагийн орой NASA мэдээлжээ.

Омск мужийн захирагч Виталий Хоценко “хэд хэдэн дрон Оросын агаарын довтолгооноос хамгаалах системийг нэвтэлж, газрын тос боловсруулах үйлдвэрт халдсан” гэж мэдэгдэлдээ дурдсан байна.

Ингэхдээ тэр хохирлын талаар дурдалгүй, зөвхөн онцгой байдлын албан хаагчдыг үйлдвэрт илгээснээ мэдэгджээ.

Сибирийн баруун хэсэгт оршдог Омск муж 2022 онд дайн эхэлснээс хойш анх удаагаа Украины агаарын цохилтод өртсөн нь энэ юм.

Омскийн энэ үйлдвэр өнгөрсөн оны турш өдөрт 23 сая орчим тонн буюу 460,000 баррель газрын тос боловсруулж байсныг эх сурвалжууд мэдээлж байна.

Өчигдөр Украины тал бас Оросын хамгийн том газрын тос боловсруулах таван үйлдвэрийн нэг болох Ярославль мужийн Славнефть-Янос үйлдвэрт довтолсноо мэдээлжээ.

Уг үйлдвэр Украины хилээс 700 км зайд оршдог юм.

Мөн Оросын хяналтад байгаа Крымийн хойгийн Керч боомт дахь хамгийн том газрын тос хадгалах, тээвэрлэх байгууламж, Луганск мужийн тээврийн гол зам, нисгэгчгүй онгоцны агуулахад агаарын цохилт өгснөө Украины зэвсэгт хүчин мэдээлжээ.

 

Эх сурвалж: AFP