Криштиану Рональду өөрийнх нь сүүлчийн ДАШТ болж байгааг хүлээн зөвшөөрөв
Португалийн үндэсний шигшээ багт 23 жилийн хугацаанд 232 удаа тоглохдоо 146 гоол оруулж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зургаан удаа оролцсон 41 настай домогт хөл бөмбөгчин Криштиану Рональдугийн олон улсын замнал дуусах цаг болжээ.
Тэрбээр маргааш болох ДАШТ-ий шөвгийн 16 багийн тоглолтынхоо өмнөх өдөр Даллас хотод хэвлэлийн хурал зохион байгуулсан юм.
“Энэ бол миний сүүлчийн ДАШТ байх болно. Хэрвээ бурхан хүсвэл маргаашийн тоглолт миний сүүлчийн тоглолт ч биш байж болох юм. Хэрвээ тийм бол тийм л байна биз. Хэрвээ бурхан намайг цом өргөхийг эсэргүүцэж байгаа бол түүгээр нь болох байх” гэж Рональду хэлжээ.
Тэрбээр цааш нь ярихдаа “Надад юу ч дутаагүй. Бурхан надад хангалттай өгөөмөр хандсан. Би ДАШТ-д түрүүлсэн, түрүүлээгүйгээсээ болоод муудахгүй, бас сайжрахгүй” гэж хэлсэн байна.
Рональду анх 2003 онд Шавиш хотын цэнгэлдэх хүрээлэнд 8,000 үзэгчийн өмнө Казахстаны багтай хийсэн тоглолтод анх удаа үндэсний шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд талбайд гарч байжээ.
Энэ тоглолтын дундуур тэр Луиш Фигугийн оронд сэлгээнээс талбайд гарч байв.
Харин маргааш Даллас хотод 80,000 хөгжөөн дэмжигчийн өмнө Испанийн эсрэг хийх ДАШТ-ий шөвгийн 16 багийн тоглолт Рональдугийн хувьд сүүлчийн тоглолт байж болохоор байна.
Биш байсан ч сүүлчийн тоглолт болох хугацаа хэдэн өдрөөр л хойшлохоор болжээ.
Өмнө нь олон улсын замналынхаа талаар тодорхой ярьж байгаагүй Рональду энэ удаа сэтгүүлчдийн асуултад илүү итгэлтэй хариулж байлаа.
“Та нар үргэлж нэг асуултыг асуудаг. Энэ сүүлчийнх үү гэж. Юу болохыг харцгаая. Би үүнд анхаарал хандуулахыг хүсэхгүй байна. Энэ тийм ч чухал биш. Хамгийн гол нь бид давж гарч чадах эсэх асуудал” гэж тэр эхлээд хэлсэн юм.
Гэхдээ дараа нь илүү тодорхой ярьсан байна.
“Үнэнийг хэлэхэд маргааш юу ч болсон бай, бүр 100 хувь ч биш, 1,000 хувийн ухамсартайгаар би замналаа дуусгах болно. Учир нь би хөл бөмбөгт бүх зүйлээ өгсөн. Миний амьдрал дутуу юм байхгүй. Гэхдээ би дуртай болохоороо л хөл бөмбөг тоглодог. Маргааш юу ч болсон бай би заавал хожих үүрэгтэй гэж өөртөө дарамт үүсгэмээргүй байна. Болох ёстой юм болдгоороо болно. Би гурван гоол оруулаад байна. Энэ тийм ч муу үзүүлэлт биш биз дээ?” гэж тэр хэлжээ.
Дараа нь Рональду олон жилийн турш өөрийг нь дарамталж байсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандаж хэдэн үг хэлсэн байна.
“Та нар намайг 23 жилийн турш “алахыг” оролдсон. Үүнд хэт анхаарал хандуулах нь утгагүй хэрэг. Энэ бол байдаг л юм. Португалд байгаа хүмүүс л үргэлж бидний талд, миний талд байсаар ирсэн. Бусад нь бол хог. Гэхдээ энэ одоо хамаагүй. Би амьдралдаа юугаар ч дутаагүй. Бурхан надад бүгдийг, бүр төсөөлж байснаас ч илүүг өгсөн. Нас ахих тусам төлөвшиж, туршлага хуримтлуулдаг. Би над руу чиглэсэн дайралтуудад ч талархаж байна. Энэ л намайг илүү хүчирхэг болгосон. Үүний төлөө би сэтгүүлчид та бүхэнд талархаж байна” гэж Рональду мэдэгджээ.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

