Улаанбаатар хотын мега төслүүдэд шалгарсан компани, харилцаа хамаарлыг нээлттэй болгох ажлын хэсэг байгуулна гэв
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-ын 31 төлөөлөгч ээлжит бусаар хуралдаж, НИТХ-ын дарга А.Баярыг огцруулсан. Улмаар дараагийн НИТХ-ын дарга Д.Ихбаярыг нэр дэвшүүлээд буй.
Үүнтэй холбогдуулан НИТХ-ын дарга А.Баяр тус хурлыг хүчин төгөлдөр бус хэмээн үзэж, хэвлэлийн хурал зохион байгуулах үеэрээ "Өнөөдөр иргэд байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдах уу, Туул голын терроризм болох уу гэдгийг мэдэхийг хүсэж байгаа.
Дээрээс нь мега хулгай болсон уу гэдгийг мэдэхийг хүсэж байна. Х.Нямбаатар иргэдийнхээ эсрэг жагсаж чаддаг. Харин НИТХ бол иргэдийнхээ талд зогсдог байгууллага байх ёстой гэсэн. Тиймээс хурлын тогтоол болон шийдвэр гаргахгүй, НИТХ-ын хурлыг хуралдуулахгүй" хэмээн тайлбар өгсөн.
Мөн Улаанбаатар хотын 24 мега төсөлтэй холбоотой ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргаж буйгаа өнөөдөр танилцууллаа.
Тэрбээр "Би НИТХ-ын даргын бүрэн эрхийнхээ дагуу ажлын хэсэг байгуулах захирамж гаргаж байна. Улаанбаатар хотод мега төслүүд явах гэж байгаа бол бүх мөнгөн дүн, шалгарсан компани, харилцаа хамаарал гээд бүх зүйлийг иргэдэд нээлттэй болгох ажлын хэсэг байгуулж байна. Ажлын хэсэгт аль аль намын бүлгээс төлөөлөгч оруулна.
Монгол Улс сүүлдээ хэдэн хэрүүлч нөхдийн бай болчихлоо. Тэр тэндээс хэдэн төгрөг авсан, ийм юмтай гээд хов живээр өнөө маргаашаа аргацаадаг улс төрийн найруулгатай болчихлоо. Энэ нь Үндэсний аюулгүй байдлын түвшинд яригдана.
Улаанбаатар хотын төсөл хөтөлбөрийг иргэдэд мэдээллээр хангаж өгөхгүйгээр цаашдаа яагаад ч явахгүй. Энэ бол Засаг даргын хариуцлагын алдаа. Иргэдийг хоёр тал болгож хуваагаад, иргэдийн эсрэг жагсааж явж байдаг. Х.Нямбаатар бол Монголын хаан болчихсон юм билээ. Энэ хүнийг Улаанбаатар хотоос чөлөөлж байж, хөгжлийн түүчээ ирнэ гэж харж байгаа" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
