А.Баяр: Туулын хурдны замыг дэмжиж тогтоол гарга гэсэн. НИТХ иргэд болон Засгийн газрын эсрэг шийдвэр гаргаж болохгүй

Н.Эрхбаяр, iKon.mn
12 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-ын 31 төлөөлөгч ээлжит бусаар хуралдаж, НИТХ-ын дарга А.Баярыг огцруулсан. Улмаар дараагийн НИТХ-ын дарга Д.Ихбаярыг нэр дэвшүүлээд буй.

Үүнтэй холбогдуулан НИТХ-ын дарга А.Баяр тус хурлыг хүчин төгөлдөр бус хэмээн үзэж, хэвлэлийн хурал зохион байгуулав.

Тэрбээр "Нэгт надад Туулын хурдны замтай холбоотой шахалт ирсэн. Туулын хурдны замыг дэмжин НИТХ-аар хэлэлцүүлж тогтоол гарга гэсэн, ийм боломж байхгүй. Тэгвэл тэмдэглэлээр үүрэг болгосон шийдвэр гарга гэсэн, бас ийм боломжгүй.

Өнөөдөр иргэд байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдах уу, Туул голын терроризм болох уу гэдгийг мэдэхийг хүсэж байгаа. Дээрээс нь мега хулгай болсон уу гэдгийг мэдэхийг хүсэж байна. Х.Нямбаатар иргэдийнхээ эсрэг жагсаж чаддаг. Харин НИТХ бол иргэдийнхээ талд зогсдог байгууллага байх ёстой гэсэн. Тиймээс хурлын тогтоол болон шийдвэр гаргахгүй, НИТХ-ын хурлыг хуралдуулахгүй гэсэн.

Би иргэдтэй уулзаад явж байна. Энэ замыг барьснаар Улаанбаатар хотод түгжрэл буурах уу. Нийтийн тээврийг сайжруулах, авто зогсоолыг нэмэгдүүлэх, их сургуулиудын байршлыг хотын төв рүү ордоггүй байх гэсэн байр суурийг иргэд илэрхийлж байгаа. 

Би Туул гол дээр тоглож өссөн хүүхэд. Зайсангийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэл явган хүний зам бий, үүгээр авто зам тавих ёсгүй. Байгалийн сайхан нь тэндээ байдаг. Тиймээс энэ удаагийн хуралдааныг хийлгэхгүй гэдэг албан ёсны байр суурийг илэрхийлсэн. 

Монгол Улс бол нэгдмэл улс. НИТХ бүрэн эрхийнхээ хүрээнд ажиллаж байгаа боловч Засгийн газрын гаргасан шийдвэрийн эсрэг зогсохгүй. Ерөнхий сайд энэ ойлголтын зөрүү дээр цэг хатгатал, экологийн тэнцвэрт байдалд нөлөөлөх эсэхийг мэдэх хүртэл зогсоож байхад НИТХ иргэд болон Засгийн газрын эсрэг шийдвэр гаргаж болохгүй. Үүнийг эсэргүүцсэний төлөө хүч түрэмгийлэн хууль бус хуралдааныг зохион байгуулсан. Хуралдаан болсон гэж тооцогдохгүй, гаргасан шийдвэр нь бүгд хүчин төгөлдөр бус. 

НИТХ бол иргэдтэйгээ хамгийн ойр ажилладаг байгууллагын нэг. Иргэдээс асар их мэдээлэл ирдэг. Танай Улаанбаатар хот чинь мега төсөл нэрийдлээр өчнөөн тэрбум төгрөг иддэг мега хулгайтай болчихсон юм биш үү, худалдан авах ажиллагааны мэдээллээ ил болго гэсэн мэдээлэл ирүүлдэг. 

Би НИТХ-ын даргын бүрэн эрхийнхээ дагуу ажлын хэсэг байгуулах захирамж гаргаж байна. Улаанбаатар хотод мега төслүүд явах гэж байгаа бол бүх мөнгөн дүн, шалгарсан компани, харилцаа хамаарал гээд бүх зүйлийг иргэдэд нээлттэй болгох ажлын хэсэг байгуулж байна. Ажлын хэсэгт аль аль намын бүлгээс төлөөлөгч оруулна. 

Монгол Улс сүүлдээ хэдэн хэрүүлч нөхдийн бай болчихлоо. Тэр тэндээс хэдэн төгрөг авсан, ийм юмтай гээд хов живээр өнөө маргаашаа аргацаадаг улс төрийн найруулгатай болчихлоо. Энэ нь Үндэсний аюулгүй байдлын түвшинд яригдана" гэв.