НИТХ-ын хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарчээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-ын ээлжит хуралдаан Яармаг дахь Хангарди ордонд өнөө өглөө 10:00 цагт эхлэх байсан. 

Тус хуралдаанаар “Туул голоо аваръя” хөдөлгөөн, “Туулын хурдны зам” төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар хуралдаж, шийдвэр гаргах байсан аж.

Гэвч НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс “Туул голоо аваръя” хөдөлгөөн өрнүүлэх тогтоолын төслийг хэлэлцэх асуудлын дарааллаас хасах хүсэлт гаргасан тул өнөөдрийн хуралдаан тодорхойгүй хугацаагаар түр хойшлоод байна. Харин МАН-ын бүлгийн төлөөлөгчид хуралдаанаа эхлүүлэхийг шаардаж, танхимдаа хүлээж байгаа юм. 

Энэ талаар НИТХ-ын Ажлын албаны дарга М.Халтар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “НИТХ-ын Зөвлөлийн 2026 оны 4-р сарын 20-ны хуралдаанаар ээлжит хуралдааны товыг зарласан. НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс албан бичгээр санал ирсэн. Үүнийг үндэслэн НИТХ-ын даргын хуралдааныг хойшлуулах захирамж гарсан.

зураг
 

Ардчилсан намын бүлгээс НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар хэлэлцүүлэх асуудал нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад зогсохгүй, авлига, албан тушаал, ашиг сонирхол тойрсон эргэлзээ бүхий мэдээллүүд хэвлэл мэдээллээр гарч байгаагаас гадна Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанаар хуулийн болоод мэргэжлийн байгууллагуудаар шийдэх хүртэл зогсоох шийдвэрийг гаргасантай холбогдуулан хуралдаанаар хэлэлцэхээс татгалзаж хойшлуулах шаардлага ирүүлсэн тул 2026 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 10:00 цагт товлосон ээлжит VII хуралдааныг хойшлуулсугай гэсэн захирамж гарсан.

НИТХ-ын төлөөлөгчдийг мэдээллээр хангах, хуралдааны товыг дахин тогтоох, тус захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах чиглэлээр надад үүрэг өгсөн. Үүргийн дагуу төлөөлөгчдөд хурлын тов хойшилсон талаар мэдээлэл өгөөд сууж байна” гэлээ.

Ташрамд дурдахад АН-ын бүлгээс НИТХ иргэдийн эрх ашиг, байгаль орчны аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих ёстой. Туул голын экосистемийг хамгаалах, Туулын хурдны замтай холбоотой асуудал нийслэлийн хэмжээнд бус, улсын бодлого, хууль эрх зүйн зохицуулалттай шууд холбоотой тул Засгийн газар, УИХ болон холбогдох байгууллагуудын нэгдсэн байр суурь гараагүй нөхцөлд НИТХ-аар яаравчлан хэлэлцэх нь зохисгүй талаар тусгажээ.
зураг
 
зураг