Өнөөдрийн байдлаар бэлтгэл, чөлөөнд болон ажиллаж байгаа нийт 139 генерал цолтон байна

М.Батчимэг, ikon.mn
2 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсад цэргийн дээд генерал цол олгож эхэлсний 82 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан өнөөдөр Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын генералууд Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ.   

БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор “Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нар болох Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарын 11 цэргийн зүтгэлтэнд "Генерал" цолыг анхлан олгож эхэлжээ. 

2004 оноос энэхүү өдрийг “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж, "Генерал" цолтнууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон байна. 

Энэхүү эрхэм цолыг олгож эхэлснээс хойших 82 жилийн хугацаанд Монгол Улсын төр нийт 240 офицерт тус цолыг хүртээсэн бөгөөд өнөөдрийн байдлаар бэлтгэл, чөлөөнд болон ажиллаж байгаа нийт 139 генерал цолтон байгаа юм байна. 

Уг цолыг эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгодог байна. 

 

Эх сурвалж: Зэвсэгт хүчний Жанжин штаб