Ц.Баттөр: Баруун салаанд дөрвөн айлын бууриар татсан ус дайраад өнгөрсөн байна

Д.Янжиндулам, ikon.mn
2026 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салаа орчмын ус ихээр тогтсон байршилд өнөөдөр хотын дарга болон дүүргийн дарга очив.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Үер ус болсны дараа бус болохоос нь урьтаж арга хэмжээ авах нь чухал юм. Дүүргүүд төхөөрөмж болон, хүн хүчээ бэлэн байлгах хэрэгтэй.

Өнөөдөр Геодези Усны Барилга Байгууламжийн Газрын 110 хүний бүрэлдэхүүнтэй есөн бригад 45 механизмтай, өргөтгөсөн цагаар ажиллаж байна. Цаашид үерийн эрсдэлийг том бодлогоор нь харж өөрчлөх ёстой.

Ялангуяа Туул-1 коллекторыг ашиглалтад оруулах шаардлагатай байна” гэлээ.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр “Баруун салаанд голын голдирол дагуу 600 гаруй айл бий. Эхний ээлжид 200-300 айлын асуудал хамгийн хүндрэлтэй байна. Энэ жил төр, хувийн хэвшлийн түншлэлээр Бумбатын рашаан орчимд 1.3 га газарт хиймэл нуур байгуулна. Энэ нь өвөл халиа тошин үүсэхээс сэргийлэхээс гадна үерийн эрсдэлийг бууруулах юм. Долоодугаар сарын 20-нд тус нуурыг хүлээлгэж өгнө.

Түр зуурын ширүүн борооноос үүдэн дөрвөн айлын бууриар татсан ус дайраад өнгөрсөн байна. Энэ айлуудад тусламж үзүүлж, цэвэрлэгээ, үйлчилгээ ариутгалыг хийлгэж байна. Дүүргийн хэмжээнд онцгой байдлын үед ажиллах хүмүүс байнгын бэлэн байдалд байгаа.

Үерийн эрсдэлтэй бүсүүдэд шуудуунд хуримтлагдсан хур хогийг цэвэрлэн бэлэн байдлыг хангаж ажилласан. Баруун салаа, Зүүн салаанд Баянхошуу дэд төвийн хүрээнд үерийн далан суваг шуудуунуудыг хийсэн.

Өчигдөр орсон ширүүн борооны улмаас Дүүргийн 24 дүгээр хороо Баянхайрханы 35, 78 дугаар гудамж борооны усанд автсан. Үүнтэй холбогдуулан Дүүргийн онцгой комиссын зарим гишүүд газар дээр нь ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа. Үерийн усанд автсан 16 айл өрхийг яаралтай нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг өглөө.

Ингэхдээ хорооны засаг дарга үерт өртсөн айл өрхийн дэлгэрэнгүй cудалгааг, Онцгой байдлын хэлтэс байцаагчийн дүгнэлт гаргаж, газар зохион байгуулалтын алба газрын үнэлгээ хийнэ” хэмээв.

Хүчтэй орсон борооны улмаас тус хорооны нутаг дэвсгэрт засмал замын орц, гарц сэтэрч зорчиход хүндрэл үүссэн хоёр байршилд дайрга асгаж ковшоор түрж тэгшлэн хэвийн болгожээ.

Баруун салааны үерийн эрсдэлтэй байгаа айлуудад мэдэгдэх хуудас яаралтай өгөхөөр болсон байна.

зураг
 
зураг