Гандангийн зүүн талын үерийн хамгаалалтын далан усанд автжээ
Өчигдөр орсон дуу, цахилгаантай борооноор Гандангийн зүүн талын үерийн хамгаалалтын далан усанд автжээ.
Энэ тухай Хотын дарга Б.Пүрэвдагва "Гандан, Өргөө кинотеатрын уулзвар, 25 дугаар эмийн сан, Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургууль, Дарь-Эх, Тэмээтэй хөшөөний уулзвар, Нарны гүүрний хойно, Сонгинохайрхан дүүргийн усанд автсан хэсгүүдийг мото помпоор яаралтай соруулж, ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг уртасгасан цагаар Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Алба гүйцэтгэнэ. Явган хүний зам дээр ч ус тогтсон байна.
Өнөөдөр Нийслэлийн Онцгой Комиссыг(НОК) хуралдуулж ус тогтсон бүх байршлын усыг яаралтай соруулах, ариутгал, цэвэрлэгээг хийх, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх асуудлыг хэлэлцэнэ" гэв.
Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албаны(УБЗАА) Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, ерөнхий инженер Л.Алтангэрэлийн хэлснээр Улаанбаатар хотод ус соруулах мото помп 80 гаруй ширхэг байгаа аж.
Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан “ГУББГ өглөө 06:00 цагаас эхлээд Бөмбөгөрийн далан хальж гарсан хэсэгт ажиллаж байна. Нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй баг, гурван том оврын тоног төхөөрөмжтэй ажиллаж, 40 тонн элсийг шуудайлж, хаалт хийн хальж гарсан хэсгийг тогтоон барилаа. Одоо хоёр усны машин, ТҮК, ГУББГ-ын ажилчид үерийн дараах ариутгал, цэвэрлэгээг хийж байна.
НОБГ-т 28 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд ус тогтсон байршлуудад нөхцөл байдал хэвийн болсон байна” гэв.
Борооны ус зайлуулах шугам, үерийн далан, сувгийг тогтмол цэвэрлэж байна гэж мэдээлдэг ч түр зуурын борооноор нийслэлийн нэлээдгүй хэсэг усанд автлаа.
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, нөөлөг салхи, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

