Хотын нийтийн аж ахуйн салбарт “Zoomlion” компаниас авто помп зэрэг 40 ширхэг техник худалдаж авчээ
Улаанбаатар хотын нийтийн аж ахуйн салбарт нийслэлийн төсвийн хөрөнгөөр парк шинэчлэлт хийж буй.
"Энэ онд “Гадаад даян” ХХК гэрээний дагуу нийт 91 ширхэг тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл нийлүүлнэ.
Өнөөдрийн байдлаар 60 ширхэг тусгай зориулалтын техникийг нийлүүлээд байна. Хотын аж ахуйн ажил үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах гэрээний дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны А/115 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг өчигдөр нийт 40 ширхэг тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа" гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
Тодруулбал БНХАУ-ын “Zoomlion” компанийн үйлдвэрлэсэн хайс, хашлага угаах төхөөрөмжтэй машин, авто помп болон бохир усны шугам угаалгын машин зэргийг авчээ. Эдгээр машин механизмыг нийслэлийн есөн дүүрэг, Геодези, Усны Барилга Байгууламжийн Газар, Хот Тохижилтын Газар, Ус Сувгийн Удирдах Газар болон холбогдох чиг үүргийн байгууллагуудад хүлээлгэн өгч, хотын аж ахуйн ажилд ашиглах юм байна.
Харин үлдэгдэл 31 ширхэг техник, хэрэгслийг энэ сард багтаан нийлүүлэх аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!


