Эрэгтэйчүүдийн тестостерон дааврын дундаж түвшин сүүлийн 50 жилийн хугацаанд хоёр дахин буурсныг судлаачид тогтоожээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт Лондон хотод болсон Европын Хүний Нөхөн Үржихүй, Үр Хөврөл Судлалын Нийгэмлэгийн жил тутмын уулзалтын үеэр эрэгтэйчүүдийн тестостерон дааврын дундаж түвшин 1972-оос 2019 оны хооронд 54 хувиар буурсан тухай судалгааны үр дүнг танилцуулжээ.

Үүнд гол нөлөөлсөн хүчин зүйлс нь таргалалт, чихрийн шижин өвчин гэж дүгнэсэн байна. Бас дотоод шүүрлийн системийн ажиллагааг тасалдуулдаг ахуйн эд зүйлсээс гаралтай химийн бодисууд, дэлхийн дулаарал зэрэг хүрээлэн байгаа орчны хүчин зүйлс тестостероны түвшин буурахад нөлөөлсөн байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлжээ.

“Эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндэд томоохон хямрал нүүрлээд байгаа бөгөөд одоогоор үүнд хангалттай анхаарал хандуулахгүй байна” гэж Израилийн Хадасса Брауны нэрэмжит Нийтийн Эрүүл мэндийн Хебрью их сургуулийн профессор Хагай Левин хэлсэн байна.

“Энэ хугацаанд тестостероны дундаж түвшин 50 гаруй хувиар буурсан байна. Жил бүр нэгээс дээш хувиар буурч байна гэсэн үг бөгөөд энэ нь санамсаргүй тохиолдол биш, статистикийн алдаа биш. Маш хүчтэй чиг хандлага юм” гэж тэр хэлжээ.

Эрэгтэйчүүдийн тестостерон даавар болон ерөнхий эрүүл мэнд хоёрын харилцан холбоо нь тайлбарлахад хэцүү, нэлээд нарийн төвөгтэй ойлголт юм.

Тестостерон нь эр бэлгийн эсийн үйлдвэрлэл, бэлгийн дур хүслийг зохицуулж, булчингийн масс, ясны нягтрал нэмэгдэхэд тусалдаг бөгөөд сэтгэл санаа, энергийн түвшин, бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Таргалалт зэрэг эрүүл мэндийн хүчин зүйлс нь тестостероны хэмжээг бууруулдаг гэж үздэг. Энэ нь биеийн илүүдэл өөх тос тестостероныг эстроген болгон хувиргахад хүргэдэгтэй холбоотой гэнэ.

Мөн тестостероныг нэмэлт тэжээл хэлбэрээр авах нь зөв эсэх асуудал анагаах ухааны салбарт маргаантай сэдэв хэвээр байгаа. Зарим нь энэ аргыг эр бэлгийн эсийн үйлдвэрлэлийг дарангуйлдаг байж болзошгүй гэж үздэг юм.

Эрдэмтэд Израиль, АНУ, Бразил, Финланд, Дани улсын 118,593 хүний 1972-2019 оны хооронд бүртгэгдсэн эрүүл мэндийн зургаан өөр үеийн мэдээллийг судалгаандаа нэгтгэн ашиглажээ.

Ингэхэд тестостероны нийт бууралтын түвшин 54 хувьд хүрсэн байна.

2000 оноос хойш бууралт улам эрчимжсэн нь харагджээ.

Эрдэмтэд таргалалт, чихрийн шижин зэрэг хүчин зүйлсээс бусад хүрээлэн байгаа орчны хүчин зүйлсийг олж тогтоохын тулд үргэлжлүүлэн ажиллах шаардлагатай гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian