Оросын батлан хамгаалах үйлдвэрлэл дээд хязгаартаа тулахад ойрхон болсныг Кремлийн албан тушаалтан анхааруулжээ

Т.Давааням, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Оросын батлан хамгаалах үйлдвэрлэлийн өсөлт хязгаартаа тулахад ойрхон байгааг тус улсын үйлдвэр, худалдааны сайд Антон Алиханов өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Украинд явуулж буй дайны турш Оросын эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь батлан хамгаалах салбар байсан юм.

Тэгвэл энэ салбар удахгүй дээд хязгаартаа хүрч, өмнөх шигээ мэдэгдэхүйц өсөлт авчрахаа болихыг Алиханов хэлжээ.

“Аж үйлдвэрийн өсөлтийн гол зүтгүүр болох батлан хамгаалах салбар удахгүй хамгийн дээд хэмжээндээ хүрч, өмнөх шигээ үйлдвэрлэлийн өсөлтийг мэдэгдэхүйц нэмэгдүүлэхээ болино” гэж тэр хэлснийг Интерфакс агентлаг мэдээлсэн байна.

Дайн сунжрах нь тодорхой болмогц Оросын засгийн газар цэргийн зардлыг огцом нэмэгдүүлж, батлан хамгаалах салбарын худалдан авалтыг өргөжүүлсэн юм.

Тус улс 2019-2021 оны хооронд үндэсний батлан хамгаалах зардалд жил бүр 3-3.6 их наяд рубль ($39-$47 тэрбум) зарцуулж байжээ.

Энэ жилийн төсөвт уг зардлыг 12.1 их наяд рубль ($158.5 тэрбум) байхаар тусгасан. Бодит байдал дээр үүнээс хэтрэх төлөвтэй байгаа.

Дайны эдийн засгийн өсөлтийг дагаад “бусад тээврийн хэрэгсэл”, “компьютер, электрон болон оптик бүтээгдэхүүн”, “хиймэл металл бүтээгдэхүүн” гэсэн гурван ангиллын бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2023-2025 оны хооронд бараг хоёр дахин нэмэгдсэнийг Росстатын тоо баримт харуулж байна.

2026 оны эхний таван сарын байдлаар дээрх ангиллын үйлдвэрлэлийн өсөлт удааширсан ч тус бүр 23.3 хувь, 2.1 хувь, 12.6 хувиар өсжээ.

Батлан хамгаалах бус салбаруудаас эмийн үйлдвэрлэл зэрэг цөөн хэдэн салбараас бусад нь ихэнхдээ зогсонги байдалд орсон буюу буурсан байна.

Оросын эрх баригчидтай ойр ажилладаг ЦМАКП (Центр Макроэкономического Анализа и Краткосорочного Прогнозирования) хүрээлэн батлан хамгаалах салбартай холбоотой үйлдвэрлэлийг эс тооцвол ерөнхий аж үйлдвэрлэлийн өсөлт 2023 оны дунд үеэс зогсонги байдалд орж, 2024 оны хоёрдугаар хагасаас буурч эхэлснийг удаа дараа анхааруулж байгаа.

Оросын шинжлэх ухааны академийн эдийн засгийн урьдчилсан мэдээний хүрээлэн бас иргэний болон батлан хамгаалах салбарын хоорондын ялгаа улам бүр нэмэгдэж байгааг анхааруулсаар байна.

Өнгөрсөн онд Оросын аж үйлдвэрлэлийн өсөлт 1.3 хувьтай гарахад бараг бүгд эмийн болон батлан хамгаалахтай холбоотой гурван салбарын өсөлтөөс хамаарч байжээ.

Харин 2026 оны эхний улиралд эмийн болон бусад тээврийн хэрэгслийн гэсэн хоёр салбарын үйлдвэрлэл өсөж, бусад 19 салбарын үйлдвэрлэл буурсан байв.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд аж үйлдвэрийн өсөлтийг дэмжиж байсан өөр нэг хүчин зүйл болох Украины дайны улмаас Оросын зах зээлээс гарсан Өрнөдийн компаниудыг орлох үйлдвэрлэлийн өсөлт улам бүдгэрч байгааг Алиханов хэлжээ.

 

Эх сурвалж: interfax.ru