Орбаны үед суртал нэвтрүүлгийн зорилгоор ашиглагдаж байсан Унгарын төв телевиз нэвтрүүлгээ түр зогсоов
Унгарын төв телевизийн суваг олон нийтийн мэдээллийн хэрэгслийн “бие даасан, итгэл үнэмшилтэй” байдлаа сэргээх зорилгоор бодлогоо шинэчилж байгаатай холбогдуулан нэвтрүүлгээ түр зогсоож буйг Мягмар гарагт зарлажээ.
Тус телевизийн гол суваг M1 “Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл худлаа ярих ёсгүй. Гэсэн хэдий ч бид олон жилийн турш үүнийг хийж байсандаа уучлал гуйж байна” гэсэн бичигтэй хар дэлгэцийг өчигдрөөс эхлэн харуулах болсон байна.
Өчигдөр өглөө бас төрийн төв телевиз, радиогийн зарим редакторуудыг ажлаас нь чөлөөлсөн тухай мэдээ Унгарын хэвлэлүүдээр цацагджээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард парламентын сонгуульд ялсан Петер Мадьяр төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн бодлогыг шинэчлэн өөрчилж, өмнөх ерөнхий сайд Виктор Орбаны засаглалын 16 жилийн хугацаанд “суртал нэвтрүүлгийн зэвсэг” болж байсныг таслан зогсоохоо амласан юм.
Тэр бас Орбаны үед тогтсон авлигын сүлжээ, эрх баригч намд үйлчилдэг төрийн тогтолцоог өөрчлөхөөр ажиллаж эхлээд байна.
“Энэ бол түүхэн өдөр. Учир нь бид олон нийтийн мэдээллийн хэрэгслээр суртал нэвтрүүлэг сонсохоо больж байна” гэж Мадьяр өчигдөр Фэйсбүүк хуудсаараа мэдэгджээ.
Орбаны засаглалын үед батлагдсан хуулийн дагуу олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд засгийн газрын мэдэлд орж, хувийн хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл хаагдсан буюу засгийн газрыг дэмжигч бизнесийн байгууллагуудын эзэмшил болсон юм.
Унгар улс нь Хил Хязгааргүй Сэтгүүлчдийн байгууллагын гаргадаг хэвлэлийн эрх чөлөөний индексээр 2010 онд дэлхийд 23 дугаар байранд байсан бол 2026 онд 74 дүгээр байранд оржээ.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
