АНУ-ын багийг хасагдах шатанд хожсон Бельгийн хөл бөмбөгчид ялалтын баяраа “Трампын бүжиг”-ээр тэмдэглэжээ

Т.Давааням, ikon.mn
20 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөлбөмбөгийн ДАШТ-ий хасагдах шатны АНУ-Бельгийн шигшээ багуудын тоглолт нэлээд том маргаан дунд болж өнгөрсөн юм.

Тоглолтын өмнө АНУ-ын багийн довтлогч Фоларин Балогуны өмнөх тоглолтод авсан улаан хуудсыг FIFA цуцалж, Бельгийн эсрэг тоглолтод оролцох боломжтой болгосон нь ерөнхийлөгч Дональд Трампын лобби байлаа.

Улаан хуудсаар шийтгүүлсэн тамирчин дараагийн тоглолтыг өнжих ёстой болдог.

Ням гарагт гаргасан FIFA-гийн сахилгын хорооны шийдвэр нэлээд хэл ам дагуулж, Бельгийн хөлбөмбөгийн холбооноос гадна Европын хөлбөмбөгийн дээд байгууллага UEFA-г хүртэл эсэргүүцэл илэрхийлэхэд хүргэсэн юм.

Гэсэн хэдий ч Бельгийн шигшээ баг 4:1 харьцаатай АНУ-ын багийг хожиж, ДАШТ-ээс хассанаар дээрх маргаан намжаад байна.

Тэгвэл уг тоглолтын дараа Бельгийн хагас хамгаалагч Николас Раскин “шударга бус үйлдлийн хохирогч” болсон мэдрэмж нь АНУ-ын багийг олон онооны зөрүүгээр хожиход түлхэц болсныг ярьжээ.

“Сүүлийн хоёр өдөр талбайн гадна маш их зүйл боллоо. Багийнхны дотор шударга бус үйлдлийн хохирогч болсон мэдрэмж бий болсон бөгөөд бид талбай дээр хариугаа авахаар шийдсэн. Хариугаа талбай дээр авах ёстой гэж бид өөрсдөдөө хэлж байсан. Бид үүнийгээ хийж чадлаа” гэж тэр ярьсан байна.

Бельгийн баг АНУ-ын хаалганд дөрөв дэх бөмбөгөө оруулсны дараа хэд хэдэн тоглогч ерөнхийлөгч Трампын алдартай бүжгийн хөдөлгөөнийг дуурайн элэглэж байсан юм. Дараа нь хувцас солих өрөөнд тэд бас энэ бүжгийг хийжээ.

2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Трамп энэхүү этгээд хөдөлгөөнтэй бүжгээрээ алдаршиж байв.

АНУ-тай дайны байдалд байгаа Ираны хөлбөмбөгийн холбоо ч энэ боломжийг алдаагүй байна.

Тэд хэсгийн шатанд Бельгийн шигшээ багтай тэнцсэн тоглолтынхоо зургийг албан ёсны вэб сайтдаа байрлуулаад “Дэлхий даяар одоо улс төр хөл бөмбөгт ичгүүртэй ялагдсаны баярыг тэмдэглэн бүжиглэж байна” хэмээн бичжээ.

АНУ-ын дотоод хэргийн сайд Марквэйн Маллин өмнө нь Ираны багийг ДАШТ-ээс хасагдахад баярласандаа “аз жаргалтайгаар бүжиглэсэн” гэж ярьж байсан юм.

Үүнээс өмнөх ДАШТ-үүдэд нийтдээ 189 улаан хуудсаар тамирчдыг шийтгэж байснаас ганцхан хүн мултарч байжээ.

Энэ нь 1962 оны ДАШТ-д оролцсон Бразилын хөлбөмбөгчин Гарринча байсан юм. Гэхдээ тухайн үед улаан хуудас нь дараагийн тоглолтыг өнжих шийтгэлгүй байсан гэнэ.

 

Эх сурвалж: BBC