Инчон хамгийн богино хугацаанд нэг тэрбум зорчигч хүлээж авсан олон улсын нисэх буудал болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 29 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын олон улсын нисэх буудал Инчон дэлхийн бусад томоохон буудлуудаас хамгийн богино хугацаанд нэг тэрбум зорчигч хүлээж авсан түүхэн дээд амжилт тогтоосноо өчигдөр зарлажээ.

Инчон Айрпорт Корп компанийн мэдээлснээр тус буудал 2001 оны гуравдугаар сард нээгдсэнээсээ хойш 25 жил, гурван сарын дараа энэ амжилтад хүрсэн байна.

Дэлхийн бусад томоохон нисэх буудлуудын энэ тоонд хүрсэн хугацаа харьцангуй урт байдаг.

Тухайлбал Германы Мюнхений нисэх буудал 33 жил, 10 сарын дараа, Сингапурын Чанги нисэх буудал 35 жил, таван сарын дараа, Японы Нарита нисэх буудал 39 жил, хоёр сарын дараа, Арабын Нэгдсэн Эмиратын Дубай олон улсын нисэх буудал 58 жил, хоёр сарын дараа тэрбум дахь зорчигчоо хүлээн авч байжээ.

Нэг тэрбумд хүрсэн гэдэг нь Инчоний нисэх буудал ашиглалтад орсон цагаасаа хойш өдөр бүр 108,000, цаг тутамд 4,513, минут тутамд 75 зорчигч хүлээж авсан гэсэн үг юм.

Бас нэг статистик үзүүлэлтээр дэлхийн хүн амын найман хүн тутмын нэг нь, Өмнөд Солонгосын иргэн бүр 19 удаа Инчоноор зорчсон гэсэн үг болж байна.

Нэг тэрбум зорчигч хүлээж авсантай холбоотой ёслолын ажиллагаа өчигдөр тус буудлын хоёрдугаар терминалд зохион байгуулагдаж, буудлын удирдлагууд оролцжээ.

Энэ үеэр Токио хотоос ирсэн Японы иргэн нэг тэрбум дахь зорчигч болж, өргөмжлөл, хоёр чиглэлийн нэг удаагийн тийзээр шагнуулсан байна.

Инчон олон улсын нисэх буудал одоо дэлхийн 53 улсын 183 хотын чиглэлд нислэг үйлддэг 101 агаарын тээврийн компанид үйлчилдэг.

Ачаа тээврийн хувьд мөнгөн дүнгээр Өмнөд Солонгосын хагас дамжуулагчийн экспортын 99 хувийг Инчоноор тээвэрлэдэг ажээ.

 

Эх сурвалж: Korea Times