Швейцарын шигшээ баг 1954 оноос хойш анх удаа ДАШТ-ий шөвгийн наймд шалгарлаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
23 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Канадын Ванкувер хотод болсон Швейцар, Колумбын тоглолт 120 минутын турш хуурай тэнцсэнээр торгуулийн цохилтоор ялагчаа тодруулав.

Шөвгийн 32-т Африк тивийн Алжирыг нутаг буцаасан Швейцарын шигшээ баг энэ удаад Өмнөд Америкийн Колумбын багт гэртээ харих тасалбарыг нь захиалж өглөө. Колумбаас Санчес, Хернандез нар торгуулийн цохилтоо алдаж багаа хөөдсөн бол Швейцараас Мануэль Аканжи алдсан. 

Гэхдээ Доминикан эцэг, Швейцар ээжтэй Рубен Варгас эцсийн цэгийг нь хатгаснаар багаа шөвгийн найм руу хөтөллөө.

Швейцарчууд 1954 онд нутагтаа болсон Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс хойш анх удаа шөвгийн наймд тунаж байна. Гэхдээ тэр үед хасагдах шатны эхний даваа шөвгийн найм байсныг сануулахад илүүдэхгүй.

1954 оноос хойш тэд 1962, 1966, 2010 онд хэсгийн шатнаас тэмцээнээ өндөрлүүлсэн бол 1994, 2006, 2014, 2018, 2022 онд шөвгийн 16-гаас гэртээ харьсан түүхтэй. Тэгвэл энэ жил анх удаа хасагдах шатанд хожоод зогсохгүй шөвгийн найм руу "үсэрлээ".

зураг
 
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Швейцарын шигшээ баг шөвгийн наймд Аргентинтай өрсөлдөнө. Энэ тоглолт долдугаар сарын 12-ны Ням гарагт 09:00 цагаас эхлэх юм.

Ийнхүү ДАШТ-ий шөвгийн наймын тулаан айсуй. Шигшээ наймд Европын зургаан баг, Африк, Өмнөд Америкийн тус бүр нэг баг тунаж үлдлээ. Аргентин, Англи тус бүр 11 удаа хамгийн багадаа шөвгийн наймд шалгарсан үзүүлэлтээр тэргүүлж байгаа бол Норвеги анх удаа өрсөлдөнө. Харин Франц 10, Испани зургаа, Бельги, Швейцар тус бүр дөрвөн удаа, Марокко хоёр дахь удаагаа өрсөлдөнө.