Г.Отгонтамир: Машиныхаа тээшинд хүүхдэдээ ор засаад өгчихсөн эцэг, эхчүүдтэй ч таарч байна
Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас өнөөдөр хүргэлээ.
Жолооч, зорчигчдын нийтлэг алдаа, зөрчлийн талаар ТЦА-ны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир дараах анхааруулгыг өгсөн юм.
Тэрбээр "Тээврийн хэрэгсэл зогсоогоод хяналт шалгалтыг зохион байгуулж байна. Машиныхаа тээшинд хүүхдээ суулгасан, хүүхдэдээ ор засаад өгчихсөн эцэг, эхчүүдтэй ч таарч байна. Үүнийгээ “Би зөөлөн явдаг юм аа” гэж тайлбарладаг.
Түүнчлэн амралт зугаалгаар явахдаа иргэд байгалийн үзэсгэлэнтэй газар очиж амарч, шөнөжин найрлаад маргааш нь нойр дутуу явдаг. Жолооч нойр дутуу явснаас үүдэн орон нутгийн замд үүргэлж замын эсрэг урсгал руу орсон тохиолдол бүртгэгддэг.
Жолооч гэдэг хүн маш том үүрэг хариуцлагатай.
Мөн зорчих хэсгийн хөвөөн дээр шууд зогсоод дөрвөн хаалга зэрэг онгойгоод зорчигч бууж байна. Арын хүүхдүүд ч зорчих хэсэг рүү бууж байна.
Орон нутгийн замд зорчих хэсэг рүү хүүхэд буугаад автомашинд дайруулсан тохиолдол гарсан. Зорчих хэсгээ бүрэн чөлөөлж зогсохыг иргэдэд анхааруулъя. Замаасаа гарч зогсож байгаад түр амсхийгээрэй. Мөн шөнө оройн цагаар гэрлээ шилжүүлээрэй" хэмээн зөвлөлөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
