Г.Отгонтамир: Урдаа өвлийн дугуйтай, хойноо зуны дугуйтай. Цагдаад харагдах байдлаараа жолооч нь л бүсээ зүүдэг асуудлыг анхааруулъя

П.Сайнжаргал, IKON.MN
9 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амрахаар болсон билээ. 

Наадмын амралтаар зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас өнөөдөр хүргэлээ. 

Энэ талаар ТЦА-ны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир дараах анхааруулга, зөвлөмжийг өгсөн юм. 



Орон нутгийн замд осол гарч буй шалтгаан нь: 

  • Хурд хэтрүүлэх
  • Хориглосон нөхцөлд гүйцэд түрүүлэх үйлдлийг хийх
  • Зорчигчид хамгаалах бүс зүүгээгүй
  • Жолооч сайтар амраагүй байх зэрэгтэй холбоотой байна. 

Онцгойлон анхааруулж хэлэхэд амралт зугаалга төлөвлөж байгаа бол таныг аюул саадгүй авч явах техник хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг нэг номерт хангахыг зөвлөе.

Мөн жолооч сайтар амарсан байх хэрэгтэй.

"Машиндаа майхан сав, аяллын хэрэгцээгээ базаасан мөртлөө техник хэрэгслээ шалгадаггүй" 

Иргэд маань амралт зугаалгаа сайтар төлөвлөж байна. Гэхдээ хамгийн чухал нь тээврийн хэрэгсэл техникийн бүрэн бүтэн байдал юм.

Нийтлэг зөрчил дутагдал: 

  • Хол замд тэнхлэг тохиргоо нь алдагдсан тээврийн хэрэгсэлтэй явж байна.
  • Дугуй нь хагарахад бэлэн болсон тээврийн хэрэгсэлтэй явдаг. 
  • Урд талдаа хоёр өвлийн дугуйтай, хойд талдаа зуны дугуйтай байна.
  • Цагдаад харагдах байдлаараа жолооч, урд талын зорчигч хоёр бүсээ зүүжээ. Хойноо амьдралын утга учир болсон үр хүүхдүүдээ сул чөлөөтэй хаячихсан, ор засаад өгчихсөн явж байна. 
  • Тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэг асдаггүй. 

Иймд хол замд гарах гэж байгаа жолооч тээврийн хэрэгсэл, техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, тэнхлэг тохиргоо, дугуйн хээний түвшин, явах эд ангийн гэмтэл бүхнийг үзэж шалгах шаардлагатай. Хариуцлагатай жолооч нар эдгээрийг шалгадаг. 

Машиндаа майхан сав, өөрсдийнхөө аяллын хэрэгцээ бүх зүйлээ базаачихсан байна. Гэхдээ таны тээврийн хэрэгсэл А цэгээс Б цэг рүү та бүхнийг аюул саадгүй хүргэх ёстой.

"Гэр бүлээрээ амь насаа алдах, дөрөв, таваараа эндэх харамсалтай осол бүртгэгддэг"

Орон нутгийн замд хурднаас хамааралтай осол, онхолдох хэлбэрийн осол их гарч байна. Улмаар гэр бүлээрээ амь насаа алдах, дөрөв, таваараа эндэх харамсалтай осол бүртгэгддэг. 

Хэргийн нөхцөл байдал дээр очоод үзлэг хийхэд бүс зүүдэггүй, хүүхдийн аюулгүй тээвэрлэлтийг хангаагүй байдаг. 

Түүнчлэн зорьж буй газар руугаа БҮҮ ЯАР. Амраад аюулгүй аялж явах шаардлагатай байна. Энэ жил цагдаагийн байгууллагаас “Амраад аюулгүй аялъя” гэх уриатай нөлөөлөл хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байгаа. 

Орон нутгийн замд 140, 160 километр цагийн хурдтай явдаг. Учирлаад хэлэхээр “Ийм зам дээр мөлхөж явах юм уу” гэдэг. Та хурдаа нэмэх тусам таныг хамгаалах бүсний чадвар буурна.

Та 100 гаруй километр цагийн хурдтай явж байгаа бол хамгаалах бүс зүүсэн байсан ч эрсдэлээс хамгаалах чадвар нь 30-40 хувьтай болдог. Хамгаалах хувь буурна гэсэн үг. 

Иймд аялал зугаалгаар хол замд явахдаа хамгаалалтын бүсээ зүүж, хурдаа хэтрүүлэхгүй, автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж, жолооч аливаа эрсдэлээс сэргийлэн сайтар амарсан байхыг цагдаагийн хошууч Г.Отгонтамир зөвлөлөө.