С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос иргэд автобуснаас буухдаа төлбөрийн картаа төхөөрөмжид уншуулдаггүй болно

Д.Янжиндулам, ikon.mn
2026 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Иргэд нийтийн тээврийн автобусаар зорчиход хоёр төрлийн төхөөрөмжөөр төлбөрөө төлдөг. Уг системийг ирэх сард өөрчлөхөөр болжээ.

Энэ тухай "Улаанбаатар Смарт карт" ХХК-ийн бизнес хамтын ажиллагааны хэлтсийн дарга С.Гэрэлт-Од "Нийтийн тээврийн автобусны төлбөрийн картыг тавдугаар сарын 2-ны өглөөнөөс нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно. UBcard төхөөрөмжид Umoney болон банкны карт, UBcard апп, QR уншина. Өөрөөр хэлбэл Umoney картыг уг төхөөрөмж дээр уншдаг болж, шинэчлэгдэж байна.

Автобуснаас буухдаа заавал картаа дардгийг больж байгаа. Урд хаалга дээр байршуулсан чернилэн ягаан өнгөтэй буюу UBcard төхөөрөмж дээр картаа дараад явахад болно.

Мөн UBcard аппликэйшнээр Umoney картыг цэнэглэдэг болж байгаа" гэж мэдээлэв.

Түүнээс нэмж тодруулснаар тавдугаар сарын 2-ны өглөөнөөс нийтийн тээврийн автобусанд зөвхөн UBcard төхөөрөмжийг ашиглана. Иргэд автобусанд орохдоо Umoney болон банкны карт, UBcard апп, QR уншуулж 1,000 төгрөг төлнө. Автобуснаас буухдаа картаа төхөөрөмжид уншуулах шаардлагагүй. Дараагийн автобусанд ороод картаа дахин уншуулахад "Дамжин суулаа" гэж хэлнэ. Өөрөөр хэлбэл 1,000 төгрөг төлөөд дөрвөн удаа дамжин суух зохицуулалт өөрчлөгдөхгүй. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон ахмад настан, донор, хүүхдийн карт хуучин зарчмаараа ашиглагдана.

Харин банкны карт ашиглаж байгаа тохиолдолд автобусанд суух бүрд 1,000 төгрөг төлнө.

Улаанбаатар хотын 100 байршилд байгаа автобусны карт цэнэглэгч киоскоос нэг удаагийн 1,000 төгрөгийн цаасан тасалбар болон нисэх буудал руу зорчих иргэдэд зориулсан 10,000, 15,000 төгрөгийн цаасан карт, UBcard төхөөрөмжид зориулагдсан шинэ төрлийн картыг 3,600 төгрөгөөр худалдаж авч ашиглах боломжтойг хэллээ.

Нэг удаагийн 1,000 төгрөгийн цаасан тасалбар нь банкны карттай адил буюу автобусанд суух бүрдээ авч ашиглана гэв.

Нийслэл хотод өдөрт 1,100 гаруй автобус иргэдэд үйлчилдэг бөгөөд 2024 онд 33 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж байсан бол 2025 онд 56.7 тэрбум болж, орлого нь 69 хувиар нэмэгджээ.