Нийгмийн халамжийн сангийн төсөв 2004 онд ₮23.1 тэрбум байсан бол 2025 онд ₮2.4 их наяд болж, 104 дахин нэмэгджээ

Б.Бадамгарав, IKon.mn
6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам(ГБХНХЯ)-наас өнөөдөр Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Одоогоор хүүхдийн мөнгөн тэтгэмж, эхийн алдар одонгийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж гэх зэрэг бүх төрлийн мөнгөн тэтгэмжийг халамжийн зардал хэмээн нэгтгэсэн нь учир дутагдалтай байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хэлэлцүүлгийн эхэнд хэлж байв. Мөн нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Гэр бүлийн тухай хуулиар халамж ба төрөөс хэрэгжүүлдэг бодлогыг салгаснаар халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Тэрбээр "Халамжийн зардал энэ онд 2.8 их наяд төгрөг. Гэхдээ үүн дотор хүүхдийн мөнгөн тэтгэмж багтсан, үүнийг халамж гэж харах уу. Сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний орлоготойгоос эхлээд 10 сая төгрөгийн орлоготой айл ч хүүхдийн мөнгө 100,000 төгрөг авдаг. Иймд халамж, төрийн хэрэгжүүлж буй бодлогыг тусад нь салгах ёстой. Алдар цолтон, тухайлбал гавьяат цолтонд сар бүр олгодог 150,000 төгрөг халамж гэж үзэх үү. Халамж шаардлагатай зорилтот бүлэгт чиглэсэн төсөв нь 600 тэрбум орчим төгрөг байдаг. Зарим бодлогын хэрэгслийг салгаснаар халамж шаардлагатай иргэддээ илүү төсөв зарцуулах боломж бүрдэнэ" гэж байв.

Нийгмийн халамжийн сангийн зардал өссөн огноог харвал нэлээд нь сонгуулийн үеэрх улс төрийн амлалтуудтай холбоотойгоор нэмэгдсэн хөтөлбөр, арга хэмжээнүүдийнх байдаг

Үүний дараа халамжийн зардлын зарцуулалт, өнөөгийн нөхцөл байдлын талаарх үндсэн илтгэлийг ГБХНХЯ-ны Нийгмийн халамжийн бодлогын газрын дарга Ю.Отгонбилэг танилцуулсан.

Өнөөдрийн байдлаар Нийгмийн халамжийн сангаас зургаан хуулийн хүрээнд үйлчилгээ, хөнгөлөлт, тусламжийг иргэдэд үзүүлдэг байна.  

Мөнгөн хөтөлбөр:

  1. Нийгмийн халамжийн тэтгэвэр
  2. Асаргааны тэтгэмж
  3. Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж
  4. Хүнс тэжээлийн дэмжлэг
  5. Жирэмсэн эх, хүүхэд асарсны, ихэр хүүхдийн тэтгэмж
  6. "Эхийн алдар" одонтой эхийн тэтгэмж
  7. Ахмад настанд үзүүлэлт хөнгөлөлт, тусламж
  8. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн үзүүлэх хөнгөлөлт тусламж
  9. Хүүхдийн мөнгө

Үйлчилгээ:

  1. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнүүдийг
  2. Асрамжийн үйлчилгээ /2025 оноос ахмад настны шинэ төрлийн үйлчилгээ нэмэгдэнэ/

"Эдгээр мөнгөн тусламж болон үйлчилгээг хэрэгжүүлэхэд 2025 онд 2.4 их наяд төгрөг зарцуулсан нь Дотоодын Нийт Бүтээгдэхүүн(ДНБ)-ий 2.5 хувьтай тэнцэж байна. Дэлхийн банкны судалгаагаар хөгжиж буй орнуудын дундаж нь 1.6 байдагтай харьцуулахад манай улсын хувьд энэ нь нэлээд өндөр үзүүлэлт болж байна" гэж ГБХНХЯ-ны газрын дарга Ю.Отгонбилэг танилцуулгын үеэр онцолсон. 

2025 онд зарцуулсан мөнгөний 72.2 хувь буюу 1.7 их наяд төгрөг нь эх хүүхэдтэй холбоотой тэтгэмж тусламж, 27.8 хувь буюу 673.6 тэрбум төгрөг нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэгт чиглэсэн тэтгэмж, тусламжууд байжээ.

Эх хүүхэдтэй холбоотой зардлыг зарцуулалтаар нь ангилбал

  • хүүхдийн мөнгө, ихэр хүүхдийн тэтгэмжид 1.6 их наяд төгрөг
  • жирэмсэн эх, 0-3 настай үүхэд асарсны тэтгэмжид 99.4 тэрбум төгрөг
  • Эхийн алдар одонтой ээжүүдийн тэтгэмжид 30.6 тэрбум төгрөг байна. 
Нийгмийн халамжийн сангийн өсөлтийн талаар ГБХНХЯ-ны газрын дарга Ю.Отгонбилэг "Нийгмийн халамжийн сангийн зардал 2004 онд 23.1 тэрбум төгрөг байсан бол 2025 онд 2.4 их наяд болсон. Энэ хугацаанд нийгмийн халамжийн сангийн зардал өссөн огноог харвал нэлээд нь сонгуулийн үеэрх улс төрийн амлалтуудтай холбоотойгоор нэмэгдсэн хөтөлбөр, арга хэмжээнүүдийнх байдаг" гэлээ.

"Зорилтот бүлгээ тогтоосон ганц хөтөлбөр бол Хүнс тэжээлийн дэмжлэг"

Нийгмийн халамжийн бодлого нь ядуурлыг бууруулах мөн чиглэх учиртай. Өнөөгийн байдлаар Монгол Улсын 3.5 сая иргэний 913.7 мянга нь ядуурлын шугамаас доош амьжиргаатай бөгөөд ядуурал хөдөөд илүү байгааг салбарын яамнаас тодотгосон.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөн Дэлхийн банкны судалгаагаар халамжийн зардлын үр ашгийн судалгааг 2025 онд хийхэд манай улсын нийгмийн халамжид зарцуулах 1 их наяд төгрөг нь ядуурлыг бууруулахад 4.5 хувиар нөлөөлдөг байна. Ядуурлыг бууруулахад Насны хишиг хамгийн бага нөлөөтэй байгаа бол хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх хамгийн өндөр нөлөөтэй байгааг ГБХНХЯ-ны газрын дарга Ю.Отгонбилэг онцлоод "Энэ нь зорилтот бүлгээ тогтоосон ганц хөтөлбөр нь" гэсэн юм.

Үргэлжлүүлэн тэрбээр "Халамжид нэлээд мөнгө зарцуулаад байгаа ч амьжиргаа багатай хэсгийнхний амьжиргаа дээшилдэггүй. Учир нь амьжиргаа багатай хэсэгт чиглэсэн үйлчилгээ бараг байхгүй гэсэн үг. Ядуу өрхийн хүүхдэд тэгш боломж байдаггүй, эрүүл мэндийн үйлчилгээний эрсдэл өндөр, байгалийн гамшигт өртөх эрсдэл өндөр, боловсрол багатайгаас ажил олдох нь ховор бөгөөд олдлоо гэхэд цалин нь бага, гэмт хэрэг хүчирхийлэлд өртөх эрсдэл их гэх мэтчилэн ядуурал нь шалтгаан, үр дагавар ихтэй.

Нийгмийн сүлжээнд халамж хавтгайрлаа, ядуучууд залхуу байна, зүгээр мөнгө өгөөд байна гэдэг. Гэтэл бодит байдал дээр өгч байгаа юм ховор. Нийслэлийн хүн амын тал хувь нь гэр хороололд амьдарч байна. Гэр хорооллын айл өрхүүдийн 20 хувь нь 500 метрээс хол зайнаас усаа авдаг. Амьдрах орчин, суурь нөхцөлийг нь бүрдүүлээгүй хэр нь байнга буруутгах хандлагатай, ядуурлыг бууруулахад чиглэсэн бодлого, үйлчилгээ байдаггүй" хэмээв.

Халамжид нэлээд мөнгө зарцуулаад байгаа ч амьжиргаа багатай хэсгийнхний амьжиргаа дээшилдэггүй. Учир нь амьжиргаа багатай хэсэгт чиглэсэн үйлчилгээ бараг байхгүй гэсэн үг

Түүнчлэн үндсэн илтгэлээс онцлох өөр нэг үзүүлэлт нь олон улсад нийгмийн халамжийн үйлчилгээ нь зорилтот бүлэгт чиглэдэг бол Монгол Улс амьдралын мөчлөгт тулгуурлан халамж олгодог. Энэ сацуу өрхийн амьжиргааны түвшнээс нь үл харгалзан ижил хэмжээний тэтгэмж олгодог. ГБХНХЯ-наас өрхүүдийн амьжиргааны түвшингээр нь таван бүлэгт хувааж, олгож буй халамжийн зардлыг тооцоход амьжиргаа хамгийн багатай өрхүүдэд нийт зардлын 55 хувь очдог байна. Харин амьжиргаа сайтай 40 хувьд халамжийн зардлын 26 хувь зарцуулагддаг

Өөрөөр хэлбэл нийгмийн халамжийн хөтөлбөрүүд хэрэгжүүлэхдээ амьжиргааны түвшин харгалзах нь дутмаг байгаа тул ядуурлыг бууруулах үр ашиг багасаж байна гэж уг судалгааны дүгнэлтэд дурдсан байна.

Иймээс Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгаар

  • халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх
  • халамж олгох нөхцөл, хэрэгжих хугацаа, хэмжээг ялгаатай болгох
  • зарим үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлдэг байх
  • халамжийн бодлогыг хөдөлмөр эрхлэлттэй уялдуулах
  • хувийн хэвшлийн оролцоог дэмжих
  • цахимжилтаа сайжруулах зэрэг зорилго тавьж, олон нийт, судлаачид, иргэний нийгмийн байгууллагуудаас санал, зөвлөмж авч байгаа аж.