ЭМГЭНЭЛ: Алтайн ЛУВСАН-ОЧИР (1977-2026)

ikon.mn
8 минутын өмнө
ikon.mn
Зураг зураг

Бидний эрхэм нөхөр, хамтран зүтгэгч Алтай овогтой Лувсан-Очир 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зуурдаар таалал төгсөж, бид бүхэнд төдийгүй харилцаа холбооны салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.  

Тэрээр харилцаа холбооны салбарт тасралтгүй 26 жил үр бүтээлтэй ажиллаж,  мэдлэг чадвар, сэтгэл зүрхээ салбарынхаа хөгжилд зориулсан, хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэшсэн боловсон хүчин, удирдан манлайлагч байлаа.

А.Лувсан-Очир нь 1977 онд Улаанбаатар хотноо төрж, 1995 онд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын дунд сургууль, 2000 онд Монгол Улсын Техникийн их сургуулийн Холбоо, Мэдээллийн технологийн сургууль, 2024 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг төгссөн, харилцаа холбооны инженер, эрх зүйч, техникийн ухааны магистр, Монгол Улсын зөвлөх инженер, салбарын өндөр боловсролтой боловсон хүчин байлаа.

Тэрээр ажил хөдөлмөрийн гараагаа 2000 оноос Монголын Цахилгаан холбоо ХК-д ээлжийн инженер, ачаалал судалгаа, өгөгдөл зохицуулалтын инженерээр эхлүүлж, Монгол Улсад Харилцаа холбооны зохицуулах хороо анх байгуулагдсан 2002 оноос эхлэн өнөөг хүртэл мэргэжилтнээс Ажлын албаны дарга, Хорооны гишүүн хүртэл тасралтгүй 24 жил ажилласан мэргэшсэн зохицуулагч байлаа.

Харилцаа холбооны зохицуулах хороонд ажиллах хугацаандаа сүлжээ хоорондын харилцан холболт, дугаарлалтын зохицуулалт, өрсөлдөөний зохицуулалтын мэргэжилтэн, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжил, зохицуулалтын хэлтсийн дарга, Радио давтамжийн зохицуулалт, хяналтын албаны дарга, Зах зээл, үнэ тарифын албаны дарга, Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын дарга, Ажлын албаны даргаар тус тус ажиллаж байв.

А. Лувсан-Очир нь харилцаа холбоо, радио долгион, мэдээллийн технологи, шуудангийн зохицуулалтын орчинг боловсронгуй болгох, хууль эрх зүйн шинэчлэлтийг хэрэгжүүлэх, Өргөн нэвтрүүлгийн хуулийг шинээр боловсруулж батлуулах, салбарыг хөгжүүлэх үйлсэд өөрийн мэдлэг чадвар, оюун ухаан, хүч авьяасаа бүрэн зориулан гар бие оролцон, манлайлан ажиллаж байсан юм. Тэрээр найз нөхөд, хамт олон, салбарт хамтран зүтгэгчдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн, нэр хүндтэй, мэргэшсэн, туршлагатай мэргэжилтэн, удирдан манлайлагч байлаа.

Түүний хөдөлмөр, зүтгэл, харилцаа холбооны салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг  төр засгаас өндрөөр үнэлж, Онц холбоочин цол, төрийн дээд шагнал  “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас одон”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор тус тус шагнасан юм.

Эрхэм нөхрийн минь чигч шударга, хүнлэг нинжин, өгөөмөр тусч сэтгэл, эрч хүчтэй, бүтээлч, нөхөрсөг зан чанар нь найз нөхөд, хамт олон бидний сэтгэл зүрхэнд үүрд үгүйлэгдэн дурсагдах болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ах дүү, найз нөхөд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

УМ МА НИ БАД МЭ ХУМ

цахим хөгжил, ИННОВАЦ, харилцаа холбооны яам

Харилцаа холбооны зохицуулах хороо

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК

МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ ХХК

 шутис-ийн мэдээлэл, холбооны технологийн сургууль

МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ ОПЕРАТОРУУДЫН АССОЦИАЦИ

МОНГОЛЫН ТЕЛЕВИЗҮҮДИЙН ХОЛБОО

монголын арилжааны телевизүүдийн “дуун” холбоо

орон нутгийн телевизүүдийн “гал хөгжил” холбоо

МОНГОЛЫН ОЛОН СУВАГ ДАМЖУУЛАГЧДЫН ХОЛБОО

Монголын ФМ Радионуудын Нэгдсэн Холбоо

"МОНГОЛЫН ОЮУНЫ ӨМЧ ХАМГААЛАХ ХОЛБОО" ГҮТББ

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ