"Өртэй татвар төлөгчийн дансыг бүрэн хаадгаа больж, орлогын 20%-ийг дансанд нь үлдээж, 80%-ийг нь татна"
Татварын бодлогын хүрээнд өр төлбөрөө төлөхгүй байгаа аж ахуйн нэгжүүдийн дансыг бүрэн хаадаг зохицуулалтыг зөөлрүүлж, олсон орлогын 80%-ийг татан авч 20%-ийг нь дансанд нь үлдээх зохицуулалт хийх талаар Сангийн сайд З.Мэндсайхан өнөөдөр дараах мэдээллийг өглөө.
Тодруулбал өнөөдөр Татварын хуулиудад дараах нэмэлт өөрчлөлтүүдийг оруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн байна.
Одоогийн байгаа нөхцөлүүд дараах байдлаар өөрчлөгдөх аж.
Одоо: Бага дунд орлоготой иргэдэд үзүүлдэг шаталсан хөнгөлөлт
₮792 мян
/Хөнгөлөлтийн хэмжээ: Сард ₮79.2 мянга, жилд ₮950.4 мянга/
⬇
100% хөнгөлнө
Хөнгөлөлтийг хөдөлмөр эрхэлж буй бүх иргэдэд эдлүүлдэг болсноор нийт 1 сая гаруй иргэн хамрагдахаар байна.
Одоо: Хувиараа бизнес эрхлэгч хувь хүн орлогын босго хамаарахгүй хялбаршуулсан горимоор 1 хувиар татвар төлөх боломжтой
Жилийн борлуулалтын орлого ₮1 тэрбумаас бага тохиолдолд
⬇
Борлуулалтын орлогын 1% татвар төлнө
Хялбаршуулсан горимоор нийт 96 мянга орчим иргэн үйл ажиллагааны орлогоо тайлагнахаар байна.
Одоо: Иргэн өөрийн өмчлөлийн орон сууцаа борлуулж олсон орлогод 2 хувийн татвар төлдөг
Иргэн өөрийн өмчилсөн орон сууцаа борлуулсан тохиолдолд
⬇
Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татвараас чөлөөлнө.
1 тэрбум төгрөг дотор бизнес эрхэлж орлого олсон байвал хялбаршуулсан горимоор 1%-ийн татвараа төлөөд явна. Үүнээс дээш гараад ирвэл орлого зарлагынхаа харьцаагаар татварын өмнөх ашгаа тооцоод 10 хувиар татвараа төлөөд явна гэв.
Мөн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 6-10 тэрбум төгрөгийн ашигтай аж ахуйн нэгж 15 хувиар татвар төлөх дундын шатлал нэмж, 600 гаруй аж ахуйн нэгжийн төлөх татварын ачааллыг бууруулна. Мөн жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор 2.5 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой нийт 180 мянган аж ахуйн нэгжийн татварын ачааллыг 1% болгох аж.
Татварын бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ:
- 1. Өртэй татвар төлөгчийн дансыг бүрэн хаадаг зохицуулалтыг халж, ирээдүйд орж ирэх мөнгөн хөрөнгийн 20%-ийг дансанд нь үлдээж, 80%-ийг нь татна.
- 2. ААНОАТ, ХХОАТ-ын тайлан тушаах хугацааг сунгаж, оновчтой болгоно.
- 3. Алдангийн дээд хэмжээг 50 хувиар тогтооно.
- 4. Татварын тайланг залруулах хугацааг 2 жил хүртэл болгож сунгана.
- 5. НӨАТ төлөх хугацааг 2 сар хүртэлх хугацаагаар сунгана.
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг зохистой хэмжээнд бууруулах зорилгоор нийт 2.2 их наяд төгрөгийн татварын дэмжлэг үзүүлэхээр тус хуулийн төсөлд тусгажээ.
Иргэнд:
- Иргэдийн татварын ачааллыг бууруулах зорилгоор хөдөлмөр эрхэлж буй иргэдийн сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогод ногдуулах албан татварыг 100 хувь буцаан олгоно.
- Татварын шударга байх зарчмыг хангах зорилгоор үйл ажиллагааны орлогыг хялбаршуулсан горимоор тайлагнах босго дүнг нэг тэрбум төгрөгөөр тогтоож борлуулалтын орлогын нэг хувиар татвар төлөх боломж олгоно.
- Иргэдийн амьдран сууж буй орчноо сайжруулахыг дэмжих зорилгоор татвар төлөгч өмчилсөн орон сууцаа худалдан борлуулсан тохиолдолд үл хөдлөх борлуулсны албан татвараас чөлөөлнө.
- Татвар төлөгчийн татвар төлөх, тайлагнах үйл ажиллагааг хялбаршуулах зорилгоор тайлан тушаах, албан татварыг төсөвт төлөх хугацааг хойшлуулахаар тусгалаа.
Бизнес эрхлэгчдэд:
- Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн татварын хөнгөлөлтийн хамрах хүрээг нэмэгдүүлэх зорилгоор 90 хувийн татварын буцаалт эдлэх буюу татварын нэг хувийн ачааллын босго дүнг 1.5 тэрбум төгрөгөөс 2.5 тэрбум төгрөг болгож өсгөнө.
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 25 хувиар тооцон ногдуулж эхлэх татвар ногдуулах орлогын босго хэмжээ зургаан тэрбум байсныг 10 тэрбум болгон, 6-10 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогод 15 хувиар татвар ногдуулан хөнгөлөлт үзүүлнэ.
- Бизнес эрхлэгчдийг бизнесээ идэвхжүүлэх, тэлэх бололцоогоор хангаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор НӨАТ суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгоно.
- Хариуцлагатай татвар төлөгчийг дэмжих, урамшуулах зорилгоор татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшинтэй уялдуулан дотоодын болон импортын НӨАТ төлөх хугацааг хоёр хүртэлх сараар хойшлуулна.
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан тушаах, төсөвт төлөх хугацааг хойшлуулахаар тусгалаа.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

