BLACK COMBAT: М.Нандин-Эрдэнэ ирэх сарын 2-нд Бразилын Флавио Сантоштой тулалдана
Өмнөд Солонгост төвтэй холимог тулааны "Black Combat" холбооны "BnD Black Cup: Omega Korea vs Eurasia" тулаанаар Монголын холимог тулаанч М.Нандин-Эрдэнэ Бразилын Флавио Сантоштой тулалдах юм.
Тавдугаар сарын 2-ны Бямба гарагт зохион байгуулагдах тэмцээнд нийт 15 тулаан болно. Гол тулаанаар Киргизийн Адилет Нурматов, цагтаа UFC-д тулалдаж явсан Бразилын Виктор Уго нар хүч үзнэ.
Өмнөд Солонгост ажиллаж амьдарч байгаа М.Нандин-Эрдэнэ холимог тулаанаар нийт 29 тулалдахдаа 18 ялсан үзүүлэлттэй. Өнгөрсөн сард 39 нас хүрсэн бокс суурьтай тулаанч эр энэ онд хийсэн хоёр тулаандаа дараалан ялаад буй.
Тухайлбал нэгдүгээр сарын 31-нд "Black Combat 16" тэмцээний хүрээнд Өмнөд Солонгосын Ён Хён Пакийг буулгаж авсан бол гуравдугаар сарын 28-нд "DAFC 001" тэмцээнээр гуулин тамирчин Ен Сёк Пакийг хугацаанаасаа өмнө "унтуулсан" билээ.
Харин түүний өрсөлдөгч Флавио Сантошийн хувьд ирэх долдугаар сард 35 нас хүрнэ. Тэрбээр өнгөрсөн оны наймдугаар сард Ги Бум Мүнийг ялснаар жингийнхээ аваргын бүсийг эзэмшиж байв. Гэхдээ аваргын бүсээ хамгаалах эхний тулаандаа Хан Гүк Жүнд ялагдсан юм. Холимог тулаанаар нийт 23 тулалдахдаа 14 ялжээ.
Сонирхуулахад "Black Combat" холбооноос үндэстэн хоорондын багийн халз тулааныг зохион байгуулж буй.
"BnD Black Cup" буюу холимог тулааны анхны Дэлхийн цомын тэмцээнд АНУ, Япон, Бразил, Монгол, БНХАУ, Еврази болон Өмнөд Солонгосын хоёр баг өрсөлдсөн. Тэмцээнд түрүүлсэн баг нь 200 сая воны шагналтай (ойролцоогоор $135,000) тус тэмцээнд Монгол Улсын баг БНХАУ-ыг 7:0-ээр илүүрхсэнээр хагас шигшээд шалгарсан юм. Тэгвэл хагас шигшээд Монголын багтай өрсөлдөхийн тулд Евразийн холимог баг, Өмнөд Солонгосын багтай мөн тавдугаар сарын 2-нд тулалдах хуваарьтай.
Тус тэмцээний эхний шатанд АНУ-ын баг Өмнөд Солонгосын "Дайчид" багийг, Япончууд Бразилыг ялснаар хагас шигшээд шалгарсан юм.
Өмнөд Солонгост холимог тулааны хэд хэдэн холбоо байдгаас хамгийн том нь "Road FC". Тэгвэл "Black Combat" нь 2022 онд байгуулагдсан бөгөөд үндэстэн хоорондын багийн халз тулааны төсөл нь олны анхаарлыг татаж буй. Түүнчлэн бусдаасаа ялгарах гол онцлог нь реалити шоу хэлбэрээр зохион байгуулагддаг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

