Өнгөрсөн онд ашиглалтад орсон “Эзэнгүй нохой, муур түр асран хамгаалах байр”-ыг өргөтгөхөөр болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 13 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Статистикийн газрын мэдээлж буйгаар Улаанбаатар хотод эзэнтэй 41,000 гаруй нохой, 3,700 орчим муур байна. Харин эзэнгүй 160,000 гаруй нохой, муур байдаг аж.

“Амьтны эрхийг хамгаалах, хариуцлагатай эзэн байх” аяны хүрээнд эзэнгүй нохой, муурыг эзэнтэй болгох зорилгоор өнгөрсөн онд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд “Эзэнгүй нохой, муур түр асран хамгаалах байр”-ыг ашиглалтад оруулсан байдаг. Энэ онд уг байрыг өргөтгөхөөр болжээ.

Энэ тухай Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Ц.Очироо “Нохой жилдээ 2-3 удаа үржилд ордог. Гэр хорооллын айл өрхүүд нохойгоо хашааны гадна сул тавьж алддаг, нохойн гөлгийг гудамжинд төөрүүлдэг. Эм нохой нэг удаад 6-12 гөлөг гаргадаг бөгөөд үүний 80 хувь нь эм гөлөг байдгаас өсөлт маш ихээр нэмэгддэг.

Олон улсын байгууллагын судалгаагаар нохой зургаан жилд 67-70 мянга болж өсдөг байна.

Хотын захаар болон ууланд эзэнгүй ноход олноор сүрэглэн зэрлэгшиж, адуу мал, хүн амьтан руу дайрах эрсдэлүүд үүсээд байна. Иймд иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй муур, нохойн тоог багасгах чиглэлээр эрчимтэй ажиллаж байна. Энэ хүрээнд түр асрах байрны хүчин чадлыг нэмэгдүүлэх, спей заслага хийх, мөн буудаж устгахаас өөр шинэ технологи нэвтрүүлэхээр ажиллаж байна” гэв.

Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль 2023 онд батлагдаж, 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийг дагаж мөрдөх тухай хуулиар эзэнгүй нохой, муурыг буудаж устгахыг 2029 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хориглох юм байна.