Г.Ялалт: Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдөр нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд явагдана
2026 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэх юм байна.
Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт "Иргэнийг хугацаат цэргийн албанд татах нэгдүгээр ээлжийн үйл ажиллагаа тавдугаар сарын 1, 2, 3-ны өдөр нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд тогтоосон байр, хугацаанд явагдана.
Хөдөө орон нутагт зарлан дуудах хуудас авсан иргэд цэрэг татлагын байранд очих боломжийг олгож байгаа. Өөрөөр хэлбэл хөдөө, орон нутагт цэрэг татлагад хамрагдаж амжаагүй бол Улаанбаатар хотын цэрэг татлагын байруудад очиж, хамрагдаж болно.
Цэрэг татлагын товчоонд эрүүл мэндийн бүх үзлэгт орно. Иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхээ авч очно.
Харин хугацаат цэргийн албыг өөрийн биеэр хаах боломжгүй бол шалтгааныг тодорхойлсон баримт бичгийг бүрдүүлж авч очно. Тухайлбал ар гэрийнхэн, дүү нараа асардаг бол хорооноос ам бүлийн тодорхойлолт, эрүүл мэндийн шалтгаантай бол хамгийн сүүлд эмнэлэгт үзүүлсэн эмчийн үзлэгийн хуудас, баримт бичиг, өргөдлийг авч очно.
Гадаад улс оронд ажиллаж, сурч байгаа бол сурч, ажиллаж байгаа гэрээг хамгийн сүүлийн огноотойгоор нотолгоо болгоно. Баримт бичгүүд нотолгоо болох шаардлагыг хангасан бол цэргийн албанаас дараагийн цэрэг татлага хүртэл түр чөлөөлнө.
Энэ удаагийн цэрэг татлагад хамрагдсан иргэд хилийн болон дотоодын цэргийн анги салбаруудад алба хаана.
Хилийн цэрэг нь эх орныхоо байгалийн хамгийн үзэсгэлэнт газруудад байдаг заставт байрлаж эх орноо батлан хамгаалах үүрэг хүлээнэ.
Дотоодын цэргийн ангид алба хаавал улираах урилгыг хүргэж байгаа. Албаа сайн хаавал цагдаагийн байгууллага, дотоодын цэргийн байгууллагад ажиллах боломжтой.
Цэрэг татлагатай зэрэгцээд дөрөвдүгээр сарын 30-ны өдөр дотоодын цэргийн ангид алба хаасан байлдагч залуус, тавдугаар сарын 1-нд хилийн цэрэгт алба хаасан залуус халагдана. Цэрэг татлага, халагдах үйл ажиллагаа давхацна. Ингэснээр жинхэнэ цэрэг болсон эх орны залуучууд цэргийн алба хаахаар татагдсан залуусын дундуур алхаж, бахархал чимэг болно" гэж мэдээллээ.
Цэрэг татлага явагдах байршлууд:
- Баянгол дүүргийн Цэрэг татлагын байр - 96-р сургууль
- Баянзүрх дүүргийн Цэрэг татлагын байр - 14-р сургууль
- Сүхбаатар дүүргийн Цэрэг татлагын байр - 3-р сургууль
- Сонгинохайрхан дүүргийн Цэрэг татлагын байр - 83-р сургууль
- Чингэлтэй дүүргийн Цэрэг татлагын байр - 5-р сургууль
- Хан-Уул дүүргийн Цэрэг татлагын байр - 34-р сургууль.
Хугацаат цэргийн албаны хугацаа нь нэг жил байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

