Boeing 787 нисэх онгоц хамраараа газар унасан ховор ослыг Lufthansa компани шалгаж эхэлжээ
Германы агаарын тээврийн Lufthansa компани Пүрэв гарагт Франкфуртийн нисэх буудалд гарсан ер бусын ховор ослын шалтгааныг мөрдөн шалгаж эхэлжээ.
Тус компанийн аялалд бэлдэж байсан Boeing 737-9 Dreamliner нисэх онгоцны урд дугуй гэнэт нугарсны улмаас онгоц хамраараа газар хатган унасан байна.
Лос Анжелес хот руу нисэх хуваарьтай байсан уг онгоцонд тухайн үед зөвхөн багийн гишүүд байсан бөгөөд тэдний зарим нь бэртэж, эмнэлгийн тусламж авчээ.
Онгоц ердөө нэг жил гаруйн өмнө үйлдвэрээс гарсан бөгөөд энэ оны нэгдүгээр сард Lufthansa компанид хүлээлгэн өгч байсныг эх сурвалжууд мэдээлсэн байна.
Өнгөрсөн хугацаанд энэхүү онгоц 137 удаа нислэг үйлдээд байжээ.
Boeing компани ослын талаар мэдээлэл авсан, Lufthansa компанийн шалгалтад мэргэжлийн туслалцаа үзүүлж байгаагаа мэдэгдсэн байна.
АНУ-ын холбооны нисэхийн ослын үеийн мөрдөн байцаагч асан Жэфф Гузетти зогсоолд байсан онгоц ингэж “нурахыг” ер бусын ховор осол гэж дүгнэжээ.
2021 онд Лондон хотын Хитроу нисэх буудалд мөн Boeing 787 нисэх онгоцны урд дугуйтай холбоотой осол гарч байсан юм.
Их Британийн мөрдөгчдийн дүгнэлтээр засвар үйлчилгээнд орж байсан уг онгоцны ажиллагааг шалгах үеэр урд дугуй нь эвхэгдсэний улмаас хамраараа унаж байжээ. Ингэж эвхэгдэхээс хамгаалах үүрэгтэй түгжээ тухайн үед буруу байрлалд байснаас ийм осол гарсан гэж мөрдөгчид дүгнэж байв.
Алсын аялалд голдуу ашиглагддаг өргөн эх биетэй, суудал хоорондын хос эгнээтэй 787 Dreamliner бол 2011 онд анх үйлдвэрлэгдэж эхэлсэн онгоц юм.
Өчигдөр осолдсон загвар нь тохиргооноосоо хамаараад 296 хүртэл тооны зорчигч тээвэрлэх багтаамжтай байдаг.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

