Крымийн хойгт шатахуун түгээлт зогсож, Украины арми Крым хүрэх замыг хяналтдаа авсныг зарлав

Т.Давааням, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Оросын бүрэлдэхүүнд хүчээр нэгтгэгдсэн Крымийн хойгийн эрх баригчид Пүрэв гарагт тус бүс нутаг даяар бензин шатахуун түгээлтийг зогсоож буйг зарлажээ.

Москвагаас томилогдсон захирагч Сергей Аксёнов “Өнөөдрөөс эхлэн хэдэн өдрийн хугацаанд бензинийг бэлэн мөнгөөр худалдахаа бүрэн зогсоолоо” гэж Телеграм хуудсаараа мэдээлсэн байна.

Энэ долоо хоногийн эхээр тэр бензиний хомсдол долдугаар сарыг хүртэл үргэлжилж болзошгүйг анхааруулж байв.

Үүнээс өмнө Крым даяар бензин шатахууныг зөвхөн тасалбараар хязгаартай олгож байсан юм. Тэгвэл Аксёнов өчигдөр уг тасалбарыг “ойрын үед дахин тараахгүй” гэж мэдэгджээ.

Уг тасалбараар нэг удаадаа дээд тал нь 20 литр бензин олгож байсан юм.

Одоо иргэд гар дээрээ байгаа хүчинтэй тасалбарыг ашиглаж болох ч түгээлтийн станцууд дээр байрлах албан хаагчид нэг хүнд давхардуулж олгохоос сэргийлэхийн тулд автомашины дугаарыг бүртгэхээр болжээ.

“Уг арга хэмжээ хэд хоногийн турш хэрэгжих бөгөөд нөхцөл байдал өөрчлөгдвөл тухайн үед нь мэдээлэл өгнө” гэж Аксёнов тайлбарласан байна.

зураг
 

Үүнээс гадна Крымийн захиргаа шатахуун тээвэрлэж буй автомашинуудын зургийг авах, тэдгээрийн байрлалын мэдээллийг хуваалцахыг хориглох шийдвэр гаргажээ. Үүнийг зөрчвөл “хорлон сүйтгэх үйл ажиллагаанд тусалсан” гэсэн үндэслэлээр хатуу шийтгэх гэнэ.

“Ийм мэдээллийг дайснууд Оросын аюулгүй байдлын эсрэг зэвсэг болгон ашиглах боломжтой” гэж засаг захиргааны мэдэгдэлд тайлбарлажээ.

Уг мэдэгдэлд 14-өөс дээш насны хүүхдүүд шинэ хуулийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээх боломжтой болсныг эцэг эхчүүдэд нь онцгойлон анхааруулсан байна.

Украины арми сүүлийн үед Крымийн хойгийг Оросын нутаг дэвсгэртэй холбодог авто замыг дроны цохилтоор таслах болсон нь тус хойгийн бензин шатахууны хангамжид нөлөөлж байгаа.

Өчигдөр Украины батлан хамгаалах яам өнгөрсөн тавдугаар сарын турш эзлэгдсэн нутгаар дайран өнгөрдөг “Р-280” хурдны замын урсгалыг дунд тусгалын дроны цохилтоор бүрэн зогсоосныг зарлажээ.

“Р-280” нь Оросын хяналтад байгаа Бердянск, Мелитополь, Жанкой хотуудаар дамжин Крымийн хойгийг Донын Ростов хоттой холбодог авто зам юм.

 

Эх сурвалж: mod.gov.ua