Путинд илгээсэн нээлттэй захидалдаа Зеленский нүүр тулан уулзах санал тавьжээ

Т.Давааням, ikon.mn
49 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленский нүүр тулан уулзах саналыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд тавьжээ.

Тэрбээр нээлттэй захидалдаа Европ дахь дайн АНУ-ын анхаарлын төвд дахин орох хүртэл “зүгээр хүлээх нь буруу” бөгөөд энх тайван зөвхөн Украин, Оросын хоорондын “шууд харилцаагаар” бий болох боломжтойг онцолсон байна.

Зеленский мөн санал болгосон яриа хэлэлцээний үеэр дайны галыг бүрэн зогсоох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Уг захидал нийтлэгдсэний дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэрвээ хоёр ерөнхийлөгч уулзвал “гайхалтай байх болно” гэж хэлсэн байна.

Кремлийн хэвлэлийн алба Зеленскийн захидлыг хүлээж авснаа батлаад удахгүй Путинд танилцуулахаа амлажээ.

Гэхдээ өчигдөр Санкт Петербург хотод гадаадын сэтгүүлчидтэй уулзсан Путин уг захидлын агуулгын талаар мэдээлэлгүй байгаа нь харагдсан юм.

Энэ үеэр тэр “Украинтай тохиролцоонд хүрэхэд бэлэн” байгаагаа илэрхийлсэн ч үүний тулд тодорхой буултууд хийх шаардлагатай гэсэн өмнөх байр сууриа давтаж байлаа.

Тав дахь жилдээ үргэлжилж буй дайныг дуусгах яриа хэлэлцээ Ойрх Дорнодод дайн эхэлснээс хойш зогсоод байгаа.

Үүнээс өмнө дайтагч талууд Женев, Абу Даби, Истанбулд уулзсан ч үр дүнд хүрээгүй юм.

1,800 гаруй үгтэй захидалдаа Зеленский “Танай эхлүүлсэн дайн манай улсад юу авчирсныг бодож үзвэл бидэнд Оросын цэргүүдийн хувь заяанд санаа зовох шалтгаан алга. Гэхдээ би украинчуудын төлөө санаа зовж байна. Би ард иргэдээ алдаж байгаа бөгөөд ийм алдагдал бүр бидэнд хүндээр тусаж байна” гэж бичжээ.

Зеленский бас оросууд Украины нисгэгчгүй онгоц, пуужингийн цохилт, шатахууны хомсдол, үнийн өсөлт болон ерөнхийдөө дайнаас залхаж байгааг захидалдаа онцолсон байна.

“Энэ дайнаас гарах замаа сонгохоос бүү ай. Одоо танаас шаардаж буй гол зүйл бол энэ” гэж тэр бичжээ.

Швейцар, Турк зэрэг улсуудад шууд яриа хэлэлцээ эхлүүлэх боломжтойг Зеленский бас бичсэн байна.

Зеленскийн захидал Путинийг жил тутам Санкт Петербург хотод болдог эдийн засгийн чуулганд оролцож буй цаг үетэй давхацжээ.

Өмнөх өдөр нь Украины нисгэгчгүй онгоцнууд тус хотын эрчим хүч, цэргийн байгууламжуудад довтолсон юм.

Өчигдрийн хэвлэлийн хурлын үеэр Путиний ярьснаас үзвэл тэр дайныг зогсоох хүсэлтэй байгаа эсэх нь эргэлзээтэй байлаа.

“Украиныг төлөөлөх эрхтэй этгээд Зеленский мөн эсэх нь хуульчид, хууль эрх зүйн шинжээчдэд тавих асуулт байх” гэж тэр хэлж байв.

Путин энэ үеэр Донбасын бүс нутгийг бүхэлд нь мэдэлдээ авах хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлж, Зеленскийг буулт хийлгэхийн тулд Европын Холбоо түүнтэй ярилцах ёстой гэсэн санаа хэлж байжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Тэд уулзалтын талаар ярьж байгааг хараад би баяртай байна. Үүний тулд маш их зүйл хийх шаардлагатай гэж би бодож байна. Хэрвээ тэд уулзвал гайхалтай байх болно. Тэд уулзах ёстой. Үүнийг хийцгээе” гэж мэдэгдсэн байна.

Буултын талаар сэтгүүлчид асуухад Трамп “Би тэдний аль аль нь тодорхой буулт хийгээсэй гэж хүсэж байна. Ингэнэ ч гэж бодож байна” гэж хариулжээ.

Өчигдөр өглөө ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров сэтгүүлчидтэй уулзахдаа Украины асуудлаар АНУ-ын байр суурь Европын холбоотнуудынхаас нь “ялгаагүй” байгааг шүүмжилсэн юм.

“Байдены дайн одоо Трампын дайн болоод байна” гэж тэр хэлжээ.

 

Эх сурвалж: BBC