ГЛЮТЕН БУЮУ ЦАВУУЛАГ ГЭЖ ЮУ ВЭ?
Нидерландын хүүхдийн эмч Виллем Карел Дике Дэлхийн II дайны үеэр нэгэн сонирхолтой үзэгдлийг ажиглажээ. Дайны улмаас улаан буудай хомсдож, талхны хэрэглээ багасах үед целиак өвчтэй хүүхдүүдийн биеийн байдал сайжирч, хүүхдийн эндэгдэл огцом буурч, эмнэлгүүдэд целиак тасгийн нас баралт 35%-аас 0% хүртэл буурсан байна. Дайн дуусаж талхны хэрэглээ эргэн нэмэгдэхэд өвчний хүндрэл дахин сэдэрчээ. Энэхүү эмчийн ажиглалт нь глютений хор нөлөөг ойлгоход томоохон түлхэц болсон.
Эртний Грекийн эмч Аретаус МЭ I-II зуунд архаг суулгалт, тураалтай өвчтөнүүдийг “koiliakos” гэж нэрлэн тэмдэглэсэн нь өнөөгийн целиак өвчний анхны дүрслэл гэж үздэг. “Gluten” гэх нэр нь “цавуу” гэсэн утгатай “glue” үгнээс гаралтай бөгөөд Монголчууд бид ч уг уургийг “цавуулаг” гэж нэрлэж хэвшсэн байдаг. Учир нь гурил усанд зуурахад үүсдэг уян, наалдамхай бүтэц нь цавуутай төстэй юм.
Цавуулагтай хүнс хэрэглэх үед нарийн гэдэсний ханан дахь жижиг салстууд цавуулагжих үед дархлааны эсүүд энэ үед салстуудыг гэмтээж, салстууд хатингаршиж эхэлснээр целиак өвчин үүсдэг.
Глютен нь улаан буудай, арвай, хөх тарианд агуулагддаг ургамлын гаралтай уургийн нийлбэр бөгөөд гурил бүтээгдэхүүний бүтцэд уян хатан, наалдамхай чанарыг бий болгодог. Гэвч зарим хүмүүсийн хувьд энэхүү уураг нь дархлааны хэвийн бус урвал өдөөж, гэдэсний архаг үрэвсэл, шим тэжээлийн дутагдал болон бусад ноцтой өвчлөлийн шалтгаан болдог. Глютен нь гэдэсний хананд нэвтрэн орж, дархлааны эсүүдийг өдөөснөөр целиак өвчин хэмээх өндөр тархалттай архаг өвчин үүсэх гол механизм болдог байна. Өөрөөр хэлбэл, цавуулагтай хүнс хэрэглэх үед нарийн гэдэсний ханан дахь жижиг салстууд цавуулагжих үед дархлааны эсүүд энэ үед салстуудыг гэмтээж, салстууд хатингаршиж эхэлснээр целиак өвчин үүсдэг.
Ийнхүү салстууд гэмтэж хатингаршсанаар хоол тэжээлийн шимэгдэлт буурч, үүнийг дагасан олон өвчний эх суурь тавигддаг. Өнөөдөр 80 сая гаруй хүн буюу дэлхийн хүн амын ойролцоогоор 1% нь целиак өвчтэй нь тогтоогдоод байгаа бол оношлогдоогүй тохиолдол нийт өвчтөний 50% орчим байгаа гэж үздэг. Сүүлийн жилүүдэд өвчлөлийн түвшин жил бүр дунджаар 7.5%-иар өсөж байна. Иймээс сүүлийн жилүүдэд “глютенгүй хүнс” гэсэн ойлголт дэлхий даяар эрчимтэй түгээмэл болж, хүнсний үйлдвэрлэл, анагаах ухаан, хоол судлалын салбарт онцгой анхаарал татах болсон. 1970-аад он хүртэл целиак өвчнийг ховор өвчин гэж үздэг байсан бөгөөд ойролцоогоор 0.1% тархалттай, зөвхөн хүүхдэд тохиолддог өвчин гэж тооцдог байжээ. Гэвч шинжилгээний арга, технологи хөгжихийн хэрээр өвчлөлийн бодит түвшин өндөр болох нь тогтоогдсон.
1-р хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүс глютенгүй хүнс хэрэглэж хэвшихгүй бол целиак өвчин тусах магадлал ихэсдэг.
Мөн сүүлийн жилүүдэд чихрийн шижин, дархлааны эмгэгийн өвчлөл хурдацтай ихсэж байгаа нь уг өвчний тархалт нэмэгдэхэд нөлөөлж байна. Тухайлбал, 1-р хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүс глютенгүй хүнс хэрэглэж хэвшихгүй бол целиак өвчин тусах магадлал ихэсдэг байна. Ялангуяа хүүхдүүдийн хувьд гэдэсний салст бүрхэвч, дархлааны тогтолцоо бүрэн хөгжөөгүй, хоол боловсруулах ферментүүд хангалттай ялгарч эхлээгүй байдаг тул глютен бүхий хүнсийг бага насны хүүхдэд 6 сараас хойш тодорхой хязгаарлалттай хэрэглүүлэхийг эмч нар зөвлөдөг хэдий ч гурилан бүтээгдэхүүний хэрэглээ өндөр байгаа нь өвчлөл буурахгүй байхад хүргэж байна.
Целиак өвчний үед дараах гол шинж тэмдэг илэрдэг.
- Архаг суулгалт
- Хэвлийгээр өвдөх
- Гэдэс дүүрэх, цанхайх
- Сөөргөө буюу цээж хорсох
- Жин буурах, ясны нягт багасах
- Цус багадалт
- Хүүхдийн өсөлт саарах
- Ядаргаа, сэтгэл гутрал
- Арьсны загатнаа тууралт үүсгэх
Олон хүн “Хоолны шингэц муудлаа”, “Гэдэс цанхайдаг болчлоо” гэх мэтээр ярьж, уг өвчний суурь шинж тэмдгээ тоолгүй, глютентэй бүтээгдэхүүний хэрэглээгээ хязгаарлахгүй явсаар өвчнөө хүндрүүлдэг. Эмэгтэйчүүдийн хувьд уг өвчинд өртөх магадлал 2 дахин өндөр байдаг бөгөөд төмөр дутагдлын цус багадалт, шалтгаан тодорхойгүй үргүйдэл, эрт цэвэрших, дутуу төрөх, зулбах, жин багатай хүүхэд төрөх зэрэг ноцтой үр дагавруудыг үүсгэж болдог.
Зарим хүмүүст целиак биш боловч глютений мэдрэгшил, улаан буудайн харшил гэх эмгэг үүсдэг ба глютентэй хүнс хэрэглэсний дараа толгой өвдөх, ядрах, гэдэс хямрах, манарах, үе мөч өвдөх, амьсгал боогдох зэрэг шинж тэмдэг илэрдэг. Үүнийг “non-celiac gluten sensitivity” гэж нэрлэдэг. Ийнхүү судалгаануудын үр дүнд глютений улмаас үүсч буй целиак өвчнөөр өнөөдөр дэлхийн хэмжээнд сая сая хүн энэхүү өвчнөөр шаналж байгааг тогтоогоод байна.
Монгол Улсын хувьд 2024 онд эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдсан иргэдийн 43% хоол боловсруулах системийн өвчлөлтэй байсан.
Судлаачид орчин үеийн улаан буудайн сортын өөрчлөлт, өндөр боловсруулсан гурил, гэдэсний бичил биетний өөрчлөлт, антибиотикийн хэрэглээ, хүүхдийн хооллолтын хэв маяг зэрэг нь целиак өвчний өсөлтөд нөлөөлж байж болзошгүй гэж үзэж байна. Монгол Улсын хувьд 2024 онд эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдсан иргэдийн 43% хоол боловсруулах системийн өвчлөлтэй байсан бөгөөд энэ нь хүнсний чанар, хоолны соёл гэх мэт зүйлсээс гадна гурилан бүтээгдэхүүний хэрэглээ өндөр байгаатай холбоотой байж болох ба энэ талаар одоогоор нарийн судлаагүй байна.
Австрали улсад хийгдсэн судалгаагаар маш бага хэмжээний глютен ч целиак өвчтэй хүмүүсийн дархлааны урвалыг өдөөж болохыг тогтоосон байна. Иймээс глютений талаарх иргэдийн ойлголт, оношлогоог сайжруулах, хоол тэжээлийн зөвлөгөөг мэргэжлийн түвшинд өгөх нь орчин үеийн нийгмийн эрүүл мэндийн чухал асуудлын нэг болоод байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
