Зөрчлийн хэрэг бүртгэл өмнөх оны мөн үеэс 57.3 хувиар өсжээ
Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд улсын хэмжээнд 2026 оны эхний таван сарын байдлаар нийт 3,599,468 зөрчил бүртгэгдсэнийг Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ)-аас мэдээллээ.
Дээрх бүртгэгдсэн зөрчлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 57.3 хувиар өсжээ. Үүнээс 838,576 зөрчил нь өнгөрсөн тавдугаар сард шинээр бүртгэгдсэн байна.
Тавдугаар сард бүртгэгдсэн зөрчлийн
- 89.9 хувь нь нийслэлд,
- 10.1 хувь нь орон нутагт бүртгэгджээ.
Үүнээс 99.5 хувийг цагдаагийн байгууллага, 0.4 хувийг Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсныг мэдээлэв.
Энэ оны тавдугаар сард зөрчил гаргасан 798,942 хүнд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 0.4 хувиар, 36,659 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 3.8 хувиар тус тус өсжээ.
Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулж, шийтгэл оногдуулсан зөрчлийн холбогдогчийн 76.4 хувь нь эрэгтэй, 23.6 хувь нь эмэгтэй, 30.4 хувь нь 36-45 насны хүмүүс байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
