Олон өдөр үргэлжилсэн иргэдийн эсэргүүцлийн дараа Зеленский зэвсэгт хүчний ерөнхий командлагчаа огцрууллаа
Мягмар гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленский тус улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч Олександр Сырськийг албан тушаалаас нь огцруулжээ.
Өнгөрсөн долоо хоногт тэр ихээхэн нэр хүндтэй батлан хамгаалахын сайдаа огцруулсан нь олон нийтийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан юм.
Батлан хамгаалахын сайд Михаило Федоровыг огцруулсан шалтгаан нь Сырський тэр хоёрын харилцааны зөрчлөөс болсон гэдэг.
Тэгвэл хэдэн өдөр үргэлжилсэн эсэргүүцлийн дараа Зеленский ийнхүү армийн командлагчаа бас огцруулж байна.
Түүний оронд хамтарсан хүчний командлагч Михаило Драпатийг томилжээ.
60 настай Сырський 2024 оноос хойш Украины армийн ерөнхий командлагчаар ажиллаж байгаа. Тэрбээр 2022 онд буюу дайн эхлээд удаагүй байхад Киев хотыг чиглэсэн Оросын давшилтыг няцааж чадсан туршлагатай цэргийн удирдагч юм.
Федоров огцорсныхоо дараа Сырськийг өөрийг нь зайлуулахад нөлөөлсөн, батлан хамгаалах салбарын шинэчлэлийг саатуулсан гэж буруутгаж байв.
“Би Украины зэвсэгт хүчний шинэ ерөнхий командлагчаар Михаило Драпатийг томилохоор шийдлээ. Фронтын шугамд Украины хүчирхэг байр суурийг бий болгосон Олександр Сырський болон нийт дайчдадаа талархаж байна” гэж Зеленский өчигдөр сошиал хуудсаараа мэдэгджээ.
Технологийн өндөр мэдлэгтэй, 35 настай Федоров ердөө зургаан сарын дараа батлан хамгаалахын сайдын албан тушаалаас огцорсон юм. Түүнийг Украины зэвсэгт хүчинд технологийн дэвшил нэвтрүүлсэн, батлан хамгаалах яамны авлигын сүлжээг нураасан гэж үздэг тул олны дунд маш их нэр хүндтэй байдаг.
Сырський өөрөө Федоровыг огцруулахад нөлөөлснөө няцааж байв.
Гэхдээ Украины хэвлэлүүд тэдний хоорондын санал зөрөлдөөний талаар эртнээс мэдээлж байсан юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

