Японы хотуудад агаар Цельсийн 40 хэм хүртэл халж, анх удаа “кокүшоби” албан ёсоор бүртгэгджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
50 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрсөн хавар Японы цаг уурын агентлаг агаарын хэт халалтаас иргэдийг сэрэмжлүүлэх зорилгоор “кокүшоби” буюу “маш халуун өдөр” гэсэн нэр томьёог бий болгосон юм.

Үүгээр агаарын температур Цельсийн 40 хэмд хүрч халсан өдрийг нэрлэдэг болсон байна.

Тэгвэл өчигдөр буюу Мягмар гарагт Японы төв бүсийн гурван хотод анх удаа “кокүшоби” албан ёсоор бүртгэгджээ.

Японы арлуудын ихэнх хэсгийг агаарын өндөр даралтын систем бүрхсэнтэй холбоотойгоор Гифү мужийн Тажими, Гүжо хотуудад 40.3 ба 40.0 хэмийн халалт тус тус бүртгэгдсэн бол Айчи мужийн Тоёода хотод агаарын температур 40.1 хэм хүрсэн байна.

Ойрын өдрүүдэд агаарын хэт халалт үргэлжлэх тул эрүүл мэнддээ анхаарал тавихыг Японы цаг уурын хүрээлэн иргэдэд анхааруулжээ.

Агаарын хэт халалттай холбоотой эрүүл мэндийн эрсдэл хэдийнээ бодитой болоод байгаа. Даваа гарагт Канагава мужийн Одаварад 70 орчим насны эрэгтэй, Нийгата мужийн Санжо хотод 40 гаруй насны эрэгтэй гудамжинд ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас барсан байна.

Мягмар гарагт Нийгата мужийн Мицүкед 80 гаруй насны эмэгтэй халууныг тэвчилгүй нас баржээ.

Мягмар гарагийн 15:00 цагийн байдлаар Япон даяар байрладаг 914 ажиглалтын станцын 731 нь 30-аас дээш хэмийн халалт бүртгэснээс 272 нь “мошоби” буюу 35-аас дээш хэмийн халалт бүртгэсэн байна.

Агаарын өндөр даралтын систем Ням гарагаас эхлэн Японы арлуудыг бүрхэж эхэлсэн юм. Цельсийн 40 хэм хүрэхэд ойртсон хотуудад 39.7 хэм хүрсэн Нагояа, 38.6 хэм хүрсэн Сайтама мужийн Күмагаяа хотууд багтжээ.

 

Эх сурвалж: Kyodo News