Нигерийн авлигатай тэмцэх албаны даргаас мөнгө нэхсэн замын цагдаагийн албан хаагчдыг баривчилжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Жолооч нараас мөнгө нэхэх зорилгоор хууль бус шалган нэвтрүүлэх цэг байгуулсан замын цагдаагийн дөрвөн албан хаагчийг Нигерийн эрх баригчид баривчилжээ.

Тэд тус улсын авлигатай тэмцэх албаны даргыг танилгүй зам дээр зогсоож, мөнгө нэхэж аваад баригдсан юм байна.

Нигерийн Авлига болон Бусад Холбогдох Гэмт Хэрэгтэй Тэмцэх хараат бус хорооны дарга Муса Алию өнгөрсөн Бямба гарагт нийслэл Абужа хотын гудамжинд автомашин жолоодож яваад саатуулагдаж, цагдаа нарт бэлэн мөнгөний машинаас 53,000 найра ($38) авч өгч байж салжээ.

Дээрх цагдаа нарыг сахилгын хэрэгт буруутгасан бөгөөд энэ тохиолдолд ажлаасаа халагдах хүртэл арга хэмжээ авхуулдаг юм байна.

Алию өөрт нь юу тохиолдсоныг хэвлэлд ярьжээ.

“Намайг зогсоосон цагдаа цонхоо нээхийг шаардсан. Тэр надаас жолооны үнэмлэхээ үзүүлэхийг хүссэн. Дараа нь тэр намайг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хэргээр шүүхэд өгөхөөр сүрдүүлсэн. Би тэгэхэд нь зөвшөөрсөн. Гэвч тэр ‘Чи учир мэдэх хүн байна. Шүүхээр явж цагаа дэмий үрэхийн оронд 52,000 найрагийн торгууль төлчих’ гэж хэлсэн. Би түүнээс дансыг нь асуухад өгөхөөс татгалзсан тул бэлэн мөнгөний автомат машинаас мөнгө авч өгсөн” гэж тэр ярьсан байна.

Нигерийн үндэсний цагдаагийн газрын дарга Ахмед Сануси албан хаагчдынхаа хууль бус үйлдлийг хатуу шүүмжилж, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах явдлыг тэвчихгүйгээ анхааруулжээ.

“Та бүхэн цагдаа эсвэл хулгайч байхын аль нэгийг сонгох хэрэгтэй. Хоёул нэгэн зэрэг байх боломжгүй. Хэрвээ сонголтоо хийж чадахгүй бол таны үйлдэл таны хэн болохыг шийднэ” гэж тэр өөрийн албан хаагчдад хандаж мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: BBC