Од хооронд аялагч сансрын биет харь гарагийн техник байгаагүйг судлаачид баталжээ
Хамгийн сүүлд манай дэлхийд ойрхон өнгөрсөн од хоорондын сансрын биет нь харь гарагийн техник байгаагүй гэсэн дүгнэлтийг судлаачид гаргажээ.
Умард Калифорнийн нутагт оршдог телескопоор уг биет дээр өргөн хүрээтэй радио дохионы шинжилгээ явуулсан SETI (Search for Extraterrestrial Intelligence) хүрээлэнгийн эрдэмтэд Лхагва гарагт дүгнэлтээ танилцуулсан юм.
Өнгөрсөн зун нарны аймгийн дундуур нисэж өнгөрсөн сансрын биетийг 3I/ATLAS гэж нэрлэсэн бөгөөд эрдэмтэд үүнийг өөр одны аймгаас гаралтай гэж үзэж байв.
Харин цөөн тооны хүмүүс тодорхой нотлох баримтгүйгээр үүнийг харь гарагийн хөлөг байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлж байжээ.
3I/ATLAS нь өнөөдрийг хүртэл хүн төрөлхтөнд мэдэгдсэн өөр одноос гаралтай гурав дахь биет байсан юм.
Сүүлийн дүгнэлтээр эдгээрийг ямар нэг оюун ухаант ертөнцийн технологийн бүтээл бус, цэвэр байгалийн гаралтай гэж үзэж байна.
NASA-ийн хэд хэдэн хөлөг уг биетийг өнгөрсөн оны аравдугаар сард Ангараг гарагаас 30 сая километрийн зайд нисэж өнгөрөхийг ажигласан юм.
Дэлхийд хамгийн их ойртсон нь арванхоёрдугаар сард 269 сая километрт зайд хүрсэн тохиолдол байжээ.
SETI хүрээлэнгийн эрдэмтэд уг биетийг анх илэрсний дараахан буюу долдугаар сард долоон цаг гаруй хугацааны турш ажиглаж, радио дохионы цацаргалтыг нь бүртгэсэн юм байна.
Тэд нийтдээ 74 сая нарийн зурвасын радио дохиог бүртгэжээ.
Эдгээрээс гаднын нөлөөтэй дохионуудыг хасаж, тухайн биетийн хөдөлгөөнтэй давхцаж буйг нь шүүхэд ердөө 200 гаруй үлдсэн байна.
Гэхдээ эдгээр нь бүгд “дэлхий дээрх техник болон дэлхийг тойрон эргэлдэж буй хиймэл дагуулуудаас гаралтай” болохыг тогтоожээ.
Тэд дүгнэлтээ Astronomical Journal сэтгүүлд нийтлүүлсэн байна.
Судалгааг ахалсан SETI хүрээлэнгийн эрдэмтэн Софиа Шэйх өнөөдөр нарны аймгийн зах хязгаарт аялж яваа NASA-гийн Voyager хөлөг хэзээ нэг цагт хөрш одны аймагт хүрэх боломжтойг тайлбарлажээ.
1970-аад оны үед дэлхийгээс хөөргөсөн ихэр хөлгүүд одоогоор хамгийн алс хол зайд хүрсэн хүн төрөлхтний бүтээл болоод байгаа.
Одоо дэлхийгээс 1.3 тэрбум километрийн алсад яваа 3I/ATLAS биет удахгүй од хоорондын орон зайд шилжих бөгөөд дахин нарны аймагт хэзээ ч буцаж ирэхгүй юм.
Уг биетийг эрдэмтэд 440 метрээс 5.6 км хооронд хэмжээтэй, нарнаас хоёр дахин өндөр настай буюу 11 тэрбум жилийн настай гэж тооцоолсон байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
