Саналын хуудасны хомсдолтой холбоотойгоор Өмнөд Солонгосын сонгуулийн хорооны дарга огцрох хүсэлтээ гаргав
Лхагва гарагт болж өнгөрсөн орон нутгийн сонгуулийн үеэр саналын хуудасны хомсдол үүссэн асуудлын улмаас Өмнөд Солонгосын Үндэсний Сонгуулийн Хорооны дарга Ро Тэ Ак өчигдөр албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргажээ.
Сонгуулийн өдөр Сөүл хотын 14 санал авах байранд саналын хуудас эрт дууссан тул олон зуун сонгогчид хэдэн цагаар хүлээхэд хүрсэн юм.
“Саналын хуудасны хомсдол нь ард иргэдийн санал хураалтаар дамжуулан улс төрийн хүсэл зоригоо илэрхийлэх үйл хэрэгт ноцтой хохирол учруулсан тул” огцрох шийдвэр гаргаж байгаагаа Кёнги мужийн Гвачон дахь сонгуулийн хорооны төв байранд болсон хэвлэлийн хурлын үеэр Ро мэдэгджээ.
Тэрбээр энэ асуудлыг мөрдөн шалгаж буй парламентын ажлын хэсэгтэй хамтран ажиллахаа илэрхийлээд олон нийтээс уучлал гуйсан юм.
Сонгуулийн өдөр Өмнөд Солонгосын нийт 14,288 санал авах байрны 67-д нь саналын хуудас эрт дууссан тул нэмж илгээх арга хэмжээ авчээ.
Уг хомсдол Сөүлийн 35, Бусаны 8, Тэгүгийн 7, Инчоны 6, Улсаны 3, Өмнөд Кёнсан мужийн 8 санал авах байрны үйл ажиллагаанд нөлөөлсөн байна.
Үүний улмаас зарим сонгогчид санал хураалтыг дахин явуулахыг шаардан жагсаал цуглаан зохион байгуулж байв.
Хомсдол үүсгэсэн шалтгаанаа Үндэсний Сонгуулийн Хороо ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийн ирцийг 60 хувь, орон нутгийн сонгуулийн ирцийг 50 хувь байхаар тооцож, саналын хуудас хэвлүүлэх удирдамжийг шинэчилсэнтэй холбон тайлбарлажээ.
Сүүлийн сонгуулиудад урьдчилан санал өгөх иргэдийн тоо нэмэгдэж, тойргуудад саналын хуудас илүү гарах болсонтой холбогдуулан ийм арга хэмжээ авсан юм байна.
Нэгэн олон нийтийн байгууллага сонгуулийн санал хураалтыг тааруу зохион байгуулсан үндэслэлээр Ро Тэ Акын эсрэг гомдол гаргасныг Сөүл Хотын Цагдаагийн газар шалгаж эхэлжээ.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

