"Сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн байгууллагууд үйл ажиллагаагаа тэлж байгаа учир инженер, техникийн ажилтнуудын орон тоо өснө"
2025 оны байдлаар 30 сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх болон холбогдох дэд бүтцийн барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаа талаар “Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын хүний нөөцийн ирээдүйн ур чадвар” форумын үеэр дурдлаа.
Тус форумын үеэр танилцуулсан "Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын ажиллах хүчний түүвэр судалгаа-2026"-с онцлох үр дүнг хүргэж байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 3 салхин цахилгаан станц, 11 нарны цахилгаан станц, 7 усан цахилгаан станц, 5 цэнэг хуримтлуурын станц байгаа юм байна.
Судалгаанд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, тоног төхөөрөмж угсарч суурилуулах, зураг төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, засвар үйлчилгээ хийх, тоног төхөөрөмж худалдах чиглэлийн нийт 30 ААН оролцсон ба эдгээрийн 68% нь нарны эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн байгууллагуудын 53% нь хүний нөөцийн дутагдалтай байна
Тус байгууллагуудын 53.1% нь хүний нөөцийн дутагдалтай байгаа ба 41 инженер, техникийн ажилтны сул орон тоо байгаа юм байна. Тэр тусмаа нарны эрчим хүчний системийн угсралт, суурилуулалтын чиглэлд инженерүүд дутагдалтай байгаа аж. Хүний нөөц дутагдалтай байгаа шалтгаан нь дийлэнх сэргээгдэх эрчим хүчний компаниуд орон нутагт байршилтай байдаг, нарийн мэргэжил шаардлагатай буюу заавал дадлага туршлага шаардлагатай байдаг гэжээ.
Мөн инженер, техникч, архив, бичиг хэрэг, хэмнэлтийн менежер, оператор, гадаад харилцааны менежер, борлуулалтын менежер зэргийг нэмэх шаардлагатай орон тоо гэж үзсэн байна.
Цахилгааны инженер, электроникийн инженер, реле хамгаалалт автоматжуулалт, ээлжийн инженер, диспетчер инженер, салхин турбин генераторын техникч, СЭХ-ний инженер, IT инженер, дизайнер, борлуулалтын менежер зэрэг мэргэжлүүд яаралтай хэрэгцээтэй ажил мэргэжил гэсэн байна.
Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн байгууллагуудын 82.8 хувь нь үйл ажиллагаагаа тэлж байгаа учир инженер, техникийн ажилтнуудын орон тоо ойрын гурван жилд өснө гэж үзжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!




